“Оюу толгойн далд уурхайг өргөжүүлэх 7 тэрбум ам.долларын төслийг зогсоохгүй” гэж Монгол Улсын Уул уурхайн сайд Д.Сумъяабазар мягмар гарагт мэдэгджээ. Лондон хотноо зохион байгуулсан аж үйлдвэрийн бага хурлын үеэр Д.Сумъяабазар уг төслийг цаашид үргэлжлүүлнэ гэж хэлсэн байна. Манай Үндэсний аюулгүй байдлын зөвлөл далд уурхайн хөрөнгө оруулалтын тухай гэрээнүүдийг “сайжруулах” чиглэлд “Rio Tinto” компанитай хамтран ажиллах зөвлөмжийг өгсөн гэж тэрбээр нэмж хэлснийг “Financial Times” сонин уламжилжээ.
Оюу толгой төсөлтэй холбоотой нэхэмжлэлийг захиргааны хэргийн анхан шатны шүүх болон УИХ өнгөрсөн долоо хоногт дэмжсэнтэй холбогдуулан Засгийн газар гэрээнүүдийг шинээр дахин хэлэлцэж магадгүй хэмээн болгоомжилж байсан “Rio Tinto” компанийн хувьд дээрх мэдээ цацагдсанаар бага ч гэсэн тайвшрах боломжийг олгосон байна.
Засгийн газар Монголын талд илүү ашигтай тохиролцоог хэрхэн хийхээр зорьж байгаа талаар Д.Сумъяабазар тодорхой дурдаагүй боловч түүний хэлсэн үг Оюу толгойн далд уурхайн хөгжүүлэлтийг дахин хойшлуулахгүй хэмээх утгыг илэрхийлсэн байна. “Rio Tinto” компани сүүлийн хоёр жилийн турш Монголд олон сорилттой нүүр тулгарсан юм. 2018 оны нэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газар 155 сая ам.долларын татварын акт тавьсан нь 2014 оноос хойш үүссэн татварын талаарх хоёр дахь маргаан болжээ.
Энэ явдлын дараахан Хятадын нүүрсний компаниудын эсэргүүцлийн жагсаал хилийн ойролцоох хүргэлтийг тасалдуулсны улмаас Оюу толгой уурхай “давагдашгүй хүчин зүйл”-тэй тулгарснаа мэдэгдэж байсан юм. Уг нөхцөл байдлын улмаас “Rio Tinto” компанийн гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй “харилцан ашигтай” түншлэлийг байгуулах тухай хэлэлцэхээр Монголд иржээ. Ж.Жакийг ирэхийн өмнө “Rio Tinto” компани хайгуулын ажил болон орон нутгийн түншүүдийг чиглэсэн үйл ажиллагаа явуулах шинэ оффисийг Монгол Улсад нээхээ мэдэгдсэн байна.