Монгол Улс, ОХУ хоорондын байгуулсан цэрэг техникийн хамтын ажиллагааны хүрээний хѳтѳлбѳрт тусгагдсанаар өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад “МиГ29УБ” загварын хоёр сѳнѳѳгч онгоц хүлээлгэн өглөө. Арга хэмжээнд ОХУ-ын Агаар сансрын хүчний ерөнхий командлагч, хошууч генерал П.З.Сагирович хошууч генерал Р.Сүхбат, Бригадын генерал О.Энхбаяр нар болон холбогдох албаны хүмүүс оролцсон байна.
“МиГ-29УБ” сөнөөгч онгоц нь Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн өөрт оногдсон үүргээ биелүүлэх чадавхийг бэхжүүлэх, Монгол Улсын агаарын хил, орон зайн аюулгүй байдлыг сахин хамгаалахад чухал ач холбогдолтой юм. Мөн тус сөнөөгч онгоц нь нисэх бүрэлдэхүүний нислэгийн ур чадвар, жолоодлого, байлдааны болон байлдааны- буудлагатай үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэхэд томоохон түлхэц үзүүлэх юм.
“МиГ-29УБ” нь газар дээрх бай объектуудад цохилт өгч устгах, хуурай замын цэрэг, агаарын десантыг агаараас халхлах, байлдааны ажиллагааны бүсийг тусгаарлах, агаарын тандалт явуулах зэрэг үүрэгтэй аж. Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн түүхээс цухас дурдвал 1925 онд анхны “Ю-13” маркийн тээврийн 3 нисэх онгоц хүлээн авсан үеэс эхлэн Зөвлөлтийн сургагч нарын удирдлагаар Монгол залуус "Ю-13", "Ил-2", "Р-1", "Р-5", "У-2", "ПО-2", "ЯК-7" загварын онгоцыг жолоодон, эх орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангаж эхэлсэн байна.