2017 оны зургадугаар сард Ж.Эрдэнэбатын Засгийн газар тухайн жилийнхээ тавдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн мөрдөхөөр суудлын автомашин, хадгаламжийн хүүгийн татвар, Импортын татвар, нийгмийн даатгалын шимтгэл, тамхины онцгой албан татвар зэрэг долоон төрлийн татварыг нэмэх шийдвэрийг гаргаж байсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэр дундаа одоо бидний эсэргүүцэн, шуугиад буй НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ ҮЕ ШАТТАЙГААР буюу ДООРХ хэлбэрээр нэмэх графикийг Ж.Эрдэнэбатын Засгийн газар тухайн онд гаргасан юм.
Ингэснээр хоёр жилийн өмнө буюу 2017 онд сарын 1.000.000 /нэг сая төгрөг/-ийн цалин авдаг ажилтан нийгмийн даатгалын шимтгэлд /НДШ/100.000 /зуун мянга/ төгрөг, албан байгууллага 110.000 /зуун арван мянга/ төгрөгийгт ус, тус төлдөг байсан бол 2020 оноос ажилтан 125.000 /зуун хорин мянга/ төгрөг, албан байгууллага 135.000 /зуун гучин таван мянга/ төгрөг төлөхөөр болж өөрчлөгдөж байгаа юм. Үүнд ажилтны төлдөг Хүн амын орлогын албан татвар ороогүй зөвхөн Нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгө болно.
2017 онд гаргасан дээрх шийдвэрийн дагуу 2020 оны улсын төсөвт Нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтан, ажил олгогч нийт хоёр хувиар нэмэгдүүлэхээр тусгаж баталсан. Үүнийг нь олон нийт хурцаар шүүмжилж, эсэргүүцэж байна.
Эсэргүүцсэн олон өчигдрөөс эхлэн өөрийн цахим хуудсаараа дамжуулан “МИНИЙ ТӨЛСӨН ТАТВАР БАГАДААГҮЙ” гэх давалгааг өрнүүлээд байгаа юм. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны улсын төсөвт хэсэгчлэн буюу Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлсэн заалтад хориг тавихаа мэдэгдлээ.
Гэхдээ түүний “улс төр”-ийн ажил үр дүнгээ өгвөл ажил хийж татвар төлдөг иргэн, аж, ахуй нэгж бүрийн дарамтаас хөнгөлнө. Тэгэхээр У.Хүрэлсүхийн засаагүй татварын хулгайг Ерөнхийлөгч Х.Баттулга улс төржөөд ч болов засвал олон хүнд дэм, тус хүргэх юм.
Угтаа бол Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн алинд нь ч шатлалын дагуу гурав дахь жилдээ татвар нэмэгдлийг зогсоох боломж байсан. Гэтэл хоёр жид дуугүй явчихаад олон нийт эсэргүүцэхээр нь гэнэт хөдөлж эхэлж буй нь нэг талын шүүмжлэх л асуудал.
Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орсон гэрээний дагуу Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны улсын төсөв Нийгмийн даатгалын хувь хэмжээг нэмэгдүүлсэн заалтад хориг тавих боломжгүй. Учир нь аль 2017 онд батлагдсан, өнгөрсөн асуудал” гэсэн тайлбарыг хэлээд байгаа юм.