Нүүрсний хэргээр хоригдсон Х.Нурлат Казахстаны Алматад “House garden” гэх тансаг хотхон барьсан бол, Астанад 270 айлын “Prime garden” хорооллыг ашиглалтад өгч байна

Нүүрсний хэргээр хоригдсон Х.Нурлат Казахстаны Алматад “House garden” гэх тансаг хотхон барьсан бол, Астанад 270 айлын “Prime garden” хорооллыг ашиглалтад өгч байна

"Нүүрсний хулгай" гэх хэрэгт нэр холбогдсон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлатыг өнгөрсөн сард АТГ-аас саатуулсан. Улмаар өчигдөр /2022.12.12/ түүнийг үргэлжлүүлэн хорих эсэх шүүхийн шийдвэр гарч нэг сарын хугацаанд цагдан хорихоор болсон.

Шалтгаан нь Х.Нурлат нь “Таван толгой түлш” ХХК-тай хамтран нүүрсний тээвэрлэлтийн бизнес эрхэлж, орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн мөн “Онлайн ложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж эрх мэдэл албан тушаалаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэж байгаа юм.

Мөн тавантолгойн нүүрсийг борлуулахдаа албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал бий болгож авлигал авсан байж болзошгүй гэх үндэслэл бий. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар түүний холбогдсон хэргийн талаар мэдээлэл өгөхдөө “Х.Нурлатын хамаарал бүхий компани Казахстан улсын Алмата хотод тансаг зэрэглэлийн орон сууцны хороолол бариулж байгаа асуудлыг шалгаж эхэлсэн. Энэ асуудал шалгагдаад шүүхэд шилжихэд бэлэн болж байгаа гэж сонссон” гэсэн. Тэгвэл Х.Нурлатын Казахстан улсад бариулж, тавантолгойн нүүрсний мөнгийг угаасан байж болзошгүй тансаг зэрэглэлийн орон сууцны тухай мэдээллийг iSee.mn сайт хүргэж байна.

- ТЭРБЭЭР "GALAMAT" КОМПАНИТАЙ ЯМАР ХОЛБООТОЙ ВЭ-

Х.Нурлат нь Казахстаны Алматад тансаг зэрэглэлийн “House garden” хаус төслийг бариулж өдгөө 70 хувийг ашиглалтад оруулсан байгаа бол одоо тус улсын Астана хотод “Prime garden” гэх орон сууцыг нэр бүхий албан тушаалтнуудтай хамтран бариулж байгаа гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна. “House garden” хотхоны тухайд тус бүр гурван давхар тансаг зэрэглэлийн хаус хороолол аж.

Тус Эрдэнэс тавантолгойн газрын захирал асан Х.Нурлатын бариулсан тус хороололд Казахстаны хамгийн баян иргэд, мөн гадаадын хөрөнгө оруулагчид  амьдардаг гэх мэдээлэл байна.    

Казахстаны Астана хотод Эрдэнэс тавантолгой газрын захирал асан Х.Нурлатын ашиглалтад оруулж буй 270 айлын “Prime garden” хотхон

Харин “Prime garden” нь 270 өрхийн орон сууцны хорооллын төсөл бөгөөд ирэх 2023 оны нэгдүгээр улиралд багтаан ашиглалтад оруулах гэж байгаа ажээ. Орон сууцуудыг барих суурь хөрөнгийг компани өөрөөсөө гаргаснаас гадна захиалагчдаас төлбөрийг урьдчилж авсан байна. Тус хорооллуудыг “Galamat” гэх барилгын компани барьж гүйцэтгэсэн гэх мэдээлэл байгаа юм. Мөн тус улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнтэй ойрхон бөгөөд 2 минут алхаад хүрэх зайтай аж.

“Galamat” гэх компани нь Монголын нөлөө бүхий барилгын компаниудтай харилцаа холбоотой аж. Сүүлийн үед Казахстан улсад барилгын салбар нэлээд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд орон сууцны үнэ ханшийн хувьд манай улстай ойролцоо гэх бөгөөд байршил сайтай хотын төв хэсгүүдэд м.кв нь монгол мөнгөөр 2.5 сая төгрөг бол энгийн орон сууцнууд 1.8 сая төгрөг байгаа нь нээлттэй мэдээллээр ил байгаа юм. Орон сууц их эрэлттэй тул маш хурдан зарагддаг талаар ч Казахстанд амьдардаг монгол иргэн онцлосон юм. 

Казахстаны Астана хотод Эрдэнэс тавантолгой газрын захирал асан Х.Нурлатын ашиглалтад оруулж буй 270 айлын “Prime garden” хотхон

-Х.НУРЛАТЫГ КАЗАХСТАНД ОРОН СУУЦ ХОРООЛОЛ БАРИХАД УИХ-ЫН ГИШҮҮН, БАЯН-ӨЛГИЙН ЗАСАГ ДАРГА АСАН ХҮМҮҮС ОРОЛЦСОН УУ-

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Х.Нурлат нь Монголд төрж өссөн, Казахстаныг сайн мэдэхгүй тэр зүг рүү холбоо, харилцаагүй гэх. Харин түүнийг Монголын зарим улстөрчид Казахстантай холбож өгсөн гэх мэдээлэл байна.

Тухайлбал, УИХ-ын нэр бүхий гишүүн, Баян-Өлгий аймгийн Засаг дарга асан ч үүнд холбогдох аж.

Х.Нурлатын гол хамтрагч нь Улаанбаатар хот дахь гаалийн газрын улсын байцаагч З.Сырымбек гэх бөгөөд тэрбээр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Х.Нурлаттай хамтарч нүүрсний мөнгөөр Казахстан улсад орон сууцны хороолол барьсан байж болзошгүй нөхцөл байдал илрээд байгаа гэх. Ямартай ч нүүрсийг хууль бусаар борлуулж хөрөнгө босгосон түүгээрээ мөнгө угаасан байж  болзошгүй тус хэргийг хууль хяналтын байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна.

М.МАРАЛМИЧИД

Т.ХУЛАНТАХЬ