Улиастай сумын албан тушаалтныг "80 сая төгрөг өгөхгүй бол амь нас, гэр бүлд нь халдана" гэж сүрдүүлсэн этгээдийг шалгаж эхэлжээ

Улиастай сумын албан тушаалтныг "80 сая төгрөг өгөхгүй бол амь нас, гэр бүлд нь халдана" гэж сүрдүүлсэн этгээдийг шалгаж эхэлжээ

Завхан аймгийн Улиастай сумын эрх бүхий албан тушаалтныг заналхийж, их хэмжээний мөнгө нэхэмжилсэн хэрэг гарчээ. 

Тодруулбал, энэ сарын 23 /2022.07.23/-ны орой Улиастай сумын ... дугаар хаягт оршин суух 55 настай эрэгтэй А-гийн гэрийн гадна "Тогтоосон газарт яаралтай 80 сая төгрөг авчирч өгөхгүй бол амь нас, гэр бүл, эд хөрөнгөнд нь халдана гэх утгатай" захидал үлдээсэн байжээ. Мөн захидалд тухайн иргэний талаарх элдэв мэдээллийг бичсэн байсан аж. Тиймээс иргэн А энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж, дээрх захидалд дурдсан тодорхой шалтгаануудыг гүтгэлэг гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Тус хэрэгт Улиастай сумын Жинст багийн иргэн Б-г сэжиглэн шалгаж, аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгээд байгаа аж.

Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн

  • 1.Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

  • 2.1.бүлэглэж; 2.2.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг:

  • 3.1.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж;
  • 3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.