Д.Амартүвшин: Надад халдсан үйл явдал "дайныг эсэргүүцсэн жагсаал"-д би оролцсонтой холбоотой байж магадгүй

Д.Амартүвшин: Надад халдсан үйл явдал "дайныг эсэргүүцсэн жагсаал"-д би оролцсонтой холбоотой байж магадгүй

Сүүлийн үед үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн эрхэнд халдаж байна гэх мэдээлэл цахим орчинд ихээр гарах болсон. Тухайлбал МУГЖ Д.Сосорбарамын зуслангийн гадна талбайд нүүрээ багаар халхалсан арав орчим хүн жагсаж халдсан, "Play time" наадмын үеэр Комедиан Амараа буюу Д.Амартүвшингийн биед масктай нүүрээ халхавчилсан иргэн халдсан зэрэг асуудал нь олны анхаарлыг татаад байгаа билээ. Тэгвэл бид Комедиан Амараатай эл асуудлын талаар ярилцлаа.

ВИДЕО: 

-Саяхан үл таних масктай нэгэн иргэн таны биед халдсан асуудал гарсан гэсэн. Тухайн үед яг юу болсон юм бол?

-"Play time" наадмын үеэр би “Amaraa's weekly show” хийх гэж байсан ч техникийн саатал гараад хийж чадаагүй. Тиймээс комедиан болох асар руу ганцаараа явж байсан юм. Гэтэл амны хаалт зүүсэн нэгэн иргэн гүйж ирээд надад нэг зүйл хэлэх шиг болсон. Тухайн хүнийг юу хэлснийг тодруулах гэтэл юу юугүй миний биед халдсан. Өмнө нь би хэд хэдэн удаа асуудалд орж байсан учраас тэр хүнд халдаж болохгүй гэдгээ мэдэж байсан. Тэгээд цагдаа иртэл цамц болон өмднөөс нь зуураад тавиагүй. Тэр үед миний биед хэд хэдэн удаа халдаж, улмаар гар утсыг маань эвдсэн. Азаар хүн олон байсан учраас надад тусалж, цагдаа ирсэн.

-Таны биед халдсан хүний талаар мэдсэн үү. Мэдээж цагдаагийн байгууллага шалгаж байгаа байх?

-Тийм ээ. Цагдаагаас шалгаж байгаа. Миний биед халдсан хүнийг хэн гэж хүн болохыг нь мэдээгүй. 40 эргэм насны хоёр гар дээрээ битүү шивээстэй, халзан толгойтой хүн байсан.

-Ямар шалтгаанаар таныг биед халдсан талаар мэдсэн үү?

-Цагдаагаас тэр хүнээс ямар шалтгаанаар миний биед халдсан гэдгийг тодруулахад “Энэ хүн миний найз охинтой мессеж бичсэн” учраас халдсан гэж хэлж байна лээ. Харин өөрийнх нь найз охиныг хэн болохыг нь тодруулахад зог тусаад нэрийг нь хэлж чадахгүй байсан. Энэ нь дээр хэлсэн шалтгаан нь зүгээр худал шалтаг байсныг илтгэж байсан. Миний хувьд хэн нэгэн хүний найз охинтой мессеж бичсэн тохиолдол байхгүй.

-Ер нь энэ мэтээр таны биед халдах тохиолдол өмнө нь гарч байсан болов уу?

-Шууд үүн шиг барьж аваад зодох тохиолдол ховор. Харин цахим хаягаар маань болон гар утасны дугаараа бол байнга дарамталж сүрдүүлдэг. Ер нь хэн дуртай хүн бусдын биед халдаж, зодож цохидог болсон байна. Миний хувьд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, Засгийн газрыг шүүмжилдэг байж магадгүй. Үүнээс болоод хүний биед халдаж, дайрч доромжилдог байж болохгүй. Миний биед халдсан хүн ч магадгүй намайг үзэл бодлоо илэрхийлсний төлөө ийм үйлдэл гаргасан байж магадгүй гэж бодож байна. Би үүнээс өмнө Украины асуудал болох дайныг эсэргүүцсэн жагсаалд оролцсон байсан юм. Миний бодлоор тухайн иргэнийг зөрчлийн хуулиар торгоод л өнгөрөх юм шиг байна лээ.

-ЦЭРГИЙН СУРГУУЛИЛТАД ОРОЛЦОХ ОРОСЫН ТЕХНИК ХЭРЭГСЛИЙГ ХОТЫН ТӨВӨӨР ЯВУУЛЖ БАЙГАА НЬ АЙДАС ҮҮСГЭЖ БАЙНА - 

-Украин гэснээс сүүлийн үед иргэд Орос Украин дайны нөхцөл байдалтай байхад цэргийн хээрийн сургуулилт хийх гэж байгааг эсэргүүцэж байх шиг байна. Таны хувьд энэ асуудлыг иргэн хүний хувьд юу гэж харж байгаа бол?

-Дайн хийгээгүй байхад цэргийн хээрийн сургуулилт хийх бол асуудал байхгүй. Харин өнөөдөр дайнтай байгаа энэ үед дайн өдөөж, дайн хийж байгаа улс Монгол Улсад цэргийн сургуулилт хийж байгаа нь дипломат ёсныхоо хувьд ч, Монгол Улсын хууль тогтоомжийн хувьд ч буруу гэж бодож байна. Өмнө нь цэргийн сургуулилт хийх, техник хэрэгсэл нь тухайн цэргийн сургуулилт хийх газартаа орон нутгаар дамжаад л очдог байсан. Гэтэл өнөөдөр улсынх нь нийслэл, аймаг орон нутгийн төв дундуур нь явж, иргэдэд айдас хүйдэс төрүүлж байгаа ч өөрөө анхаарал татаж байна.

-Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө та бас нэгэн иргэнтэй маргаан үүсгэж, мөн биед тань халдсан асуудал гарч байсан. Энэ асуудал ер нь хэрхэн шийдэгдсэн бэ?

-Тухайн асуудал шүүхээр ороод надад болон нөгөө залууг 150 мянган төгрөгөөр торгуулах шийтгэл оногдуулсан.

Д.Амартүвшин

-НАМАЙГ АЙЛГАЖ, СҮРДҮҮЛЭХ ТУСАМ БИ ЭРХЭЭ ЭДЛЭХИЙН ТУЛД УЛАМ ТЭМЦЭХ БОЛНО-

-Таныг янз янзын хэлбэрээр сүрдүүлж дарамталдаг гэж байна. Та энэ бүхнээс айж байна уу. Ер нь үзэл бодлоо ингэж чөлөөтэй илэрхийлэх нь аюултай юм байна гэсэн бодол төрж байсан болов уу?

-Хэрэв би энэ бүхнээс айх байсан бол эхнээсээ ингэж тэмцэхгүй байсан. Зарим хүн намайг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болохоор энэ мэт дайралт ирээд байна. Тиймээс болгоомжтой байж, хэлж ярьж байгаа зүйлээ хязгаарлахыг зөвлөдөг. Харин миний хувьд тэр хүмүүс үүнийг л надаас хүсэж байгаа учраас би тэр хүмүүсийн хүслийг биелүүлэхгүй. Үнэхээр энэ нийгэмд болохгүй, шударга бус зүйл байгаа бол хэлж шүүмжлэх л хэрэгтэй. Гэхдээ шүүмжилж байгаа зүйл нь үндэслэлтэй байх ёстой. Ер нь намайг айлгаж, сүрдүүлэх тусам би эрхээ эдлэхийн тулд улам тэмцэх болно.

-БИ ТЭМЦЭГЧ БИШ, БИ ЗӨВХӨН ӨӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ ИРГЭН ХҮН-

-Таныг ингэж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаагийн цаана ямар нэгэн шалтгаан байдаг уу?

-Маш олон хүн надтай холбогдож, “Миний өмнөөс тэмцээд өг” гэж хэлдэг. Тэдгээр хүмүүс намайг тэмцэгч гэж ойлгоод байх шиг байгаа юм. Үнэндээ бол би зөвхөн өөрөө өөрийнхөө төлөө явж, үзэл бодлоо илэрхийлж тэмцдэг. Жишээ нь Тэвчээр тасарлаа хөдөлгөөний үеэр би мөнгөгүй болж, миний хүүхэд хоолгүй хонох гээд байсан учраас би ажлаа хийеээ л гэж тэмцсэн. Би тэнд өөрийнхөө ажлын байрыг хамгаалахын төлөө л тэмцсэн. Хэрэв чи тэмцэхгүй байгаа бол чиний тэсрэлтийн цэг чинь болоогүй байна л гэж би надад хандсан хүмүүст хэлдэг. Би хүний өмнөөс хэзээ ч тэмцэхгүй. Харин манай улсад үзэл бодлоо илэрхийлэх маш олон боломж байна. Тиймээс хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болбол энэ нийгэм арай өөр болно.

-МИНИЙ ЛИБЕРАЛ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ МИНИЙ ТЭМЦЭХ ГАЛЫГ НОЦООДОГ -

-Таны гол баримталдаг зарчим яг юу бэ?

-Би барууны либерал үзэлтэй. Миний энэ либерал үзэл баримтлал маань миний үйл ажиллагаа, тэмцлийн галыг ноцоодог. Энэ нь хоёрдугаарт намайг зарчимтай байхад тусалдаг. Миний үзэл санаа, үнэт зүйл миний зарчим дээр зогсооход тус болдог.




Өнөөдөр хулгана өдөр

26 минутын өмнө