Олны нэрлэж заншснаар "Баян Базраа" буюу Р.Базарын “Бүрдэл майнинг” ХХК-ийн Төв аймгийн Бүрэг хангай суманд үйл ажиллагаа явуулж байсан талбайн ус ашиглах эрхийг Туул голын сав газрын захиргааны даргын 2022 оны зургадугаар сарын 30-ны өдрийн А/48 дугаар тушаалаар цуцалжээ.
Гэтэл тус байгууллага нь эл шийдвэрийг үл тоомсорлон зөвшөөрөлгүйгээр ус ашиглаж, ашигт малтмал олборлох үйл ажиллагаагаа үргэлжүүлэн явуулсаар байгаа аж. Тиймээс тус компанийг шалгуулахаар Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газарт зөрчлийн материалыг шилжүүлсэн байна. Мөн “Бүрдэл майнинг” ХХК нь хаягдал хогийн цэгийг тусгаарлаагүй буюу хуучин ашиглаж байсан гэх жорлонгийн нүхэнд хогоо ил задгай хаясан, ус ашиглалтын тайланг гаргаагүй, хаягдал ус зайлуулах дүгнэлт, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан, ус бохирдуулсны төлбөр төлөөгүй зэрэг зөрчлийг давтан гаргажээ.
Өөрөөр хэлбэл тус компанийн үйл ажиллагаа байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа учраас Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ уг зөрчилд болон төрийн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй зэрэг үйлдлүүдэд хариуцлага тооцуулахаар холбогдох хууль хяналтын байгууллагад хандсан байна.
Ташрамд өгүүлэхэд, Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэр Баянголын ам гэх газарт үйл ажиллагаа явууллж байсан “Эко-Алтан Заамар” компанийн ажлын талбайд 2019 оны хоёрдугаар сард осол гарч дөрвөн ажилтан амиа алдаж байсан билээ. Тиймээс тус компани нь нэрээ өөрчилж, “Бүрдэл майнинг” ХХК болгож байсан түүхтэй.