ОХУ Украины асуудалд хурцдаж байгаа энэ цагт Монгол, Оросын хамтарсан цэргийн сургуулилт, уралдаан тэмцээн хийхээр тус улсын цэрэг, техник манай улсад ирээд байгаа нь зарим иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байна. Тухайлбал, Ховд аймагт цэргийн хээрийн сургуулилт болох гэж байгаа бол, Увс, Оросын нутагт "Цэргийн ралли" болох гэж байгаа юм.
Харин энэхүү асуудлыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, "Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хийж байгаа уламжлалт арга хэмжээ" гэж тайлбарласан. Харин АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяр, "МАН-ынхан Оросуудын өмнө дандаа гөлөг болж, Монголын бодлогыг илэрхийлж чаддаггүй" гэж эсэргүүцлээ илэрхийлсэн.
ВИДЕО:
Тэгвэл энэ асуудалд ингээд дуусахгүй нь бололтой. Учир нь манай улсад ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг “Аравт” олон улсын морин цэргийн уралдаан ирэх сарын 13-18 /2022.08.13-18/-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөөд байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ.
Харин энэ тэмцээний талаар манай албаныхан ихэд нууцалж, тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа аж.
Харин зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, тус тэмцээнийг Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт оршдог Тавантолгой дахь Зэвсэг хүчний сургалтын баазад зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байгаа аж. Тус тэмцээнд ОХУ, Казахстан, Киргиз зэрэг таван улс оролцдог уламжлалтай бөгөөд энэ сарын 30-ны өдөр гэхэд дээрх улс орнуудын цэргийн алба хаагчид Монголд ирж, бэлтгэл байдлаа хангаж нэгдэх аж.
Харин энэ удаа Казахстан улсын цэргийн алба хаагчид тус тэмцээнд оролцохгүй байж магадгүй байгаа аж.
“Аравт” олон улсын морин цэргийн уралдаан нь жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг хэдий ч Орос, Украины нөхцөл байдал хурцдмал байгаа энэ үед ОХУ зэрэг орнуудтай хамтарч ийнхүү цэргийн сургуулилт, уралдаан тэмцээн зохион байгуулж, цэрэг техник хэрэгслийг нь эх орондоо оруулж ирж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн, Монгол Улс Олон улсын өмнө хүлээсэн үүргээ умартаж байж магадгүй асуудал хэмээн зарим иргэд шүүмжлэлтэй хандсаар байна.