Баянтүмэн сумын наадмын үеэр 8 настай хүүхэд хурдан мориноос унаж, амиа алджээ

Баянтүмэн сумын наадмын үеэр 8 настай хүүхэд хурдан мориноос унаж, амиа алджээ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын баяр наадмын хурдан морины уралдааны үеэр найман настай хүүхэд мориноос унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, энэ сарын 8 /2022.07.08/ -нд болсон Баянтүмэн сумын наадмын хурдан дааганы уралдааны үеэр  найман настай хүүгийн унаж явсан даага нүхэнд бүдэрч унаж, улмаар тус сумын нэгдүгээр багийн харьяат найман настай хүү газар дээрээ амиа алдаж хоёр хүүхэд бэртсэн хэрэг гарсан байна.

Энэ талаар эх сурвалжийн мэдээлж буйгаар “Уралдаанд 63 даага мордсон. Зурхайгаас хөдлөөд 200 гаруй метрийн зайд тус осол болсон байна. Талийгаач хүүхэд уралдааны хамгаалах хэрэгслээ өмссөн байсан бөгөөд уяач нь хүүгийн ээжтэй морь унуулах гэрээ хийсэн байсан гэдэг. Хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа" гэсэн юм. Засгийн газрын 257 дугаар тогтоол буюу баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийн уяачид тавигдах шаардлагад морь унаж давхиулж сурсан хүүхдээр унуулах гэж заасан байдаг. Гэвч хурдан морь унах  хүүхэдгүй болсон уяачид уралдах мориныхоо занг мэдэхгүй, унаж дадуулахгүйгээр мордуулах нь  хүүхэд мориноос унаж гэмтэх, амь насаа алдах гол шалтгаан болж байгаа талаар албаны эх сурвалжууд мэдээлж байна.