Манай улс уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортод гаргахаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 200 гаруй км төмөр замаа барихаар олон жил ярьж байгаа ч, одоог хүртэл ашиглалтад ороогүй. Учир нь энэ чиглэлийн төмөр зам одоог хүртэл ашиглалтад оруулаагүй буруутан бол Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэж зарим иргэд үздэг.
Тэрээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нарийн царигтай байвал Хятадын танк орж ирнэ гэх нэвтрүүлэгт оролцож, улмаар түүнийг Ерөнхийлөгч байх хугацаанд энэ чиглэлийн төмөр зам нарийн царигтай байна гэсэн УИХ-ын тогтоол ч хүчингүй болсон байдаг.
Харин Х.Баттулга Ерөнхийлөгч байх хугацаандаа Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 400 гаруй км төмөр замыг бариулсан ч, тус төмөр зам нь мухар, эдийн засгийн хувьд өгөөж муу гэх шүүмжлэлийг зарим иргэд хэлдэг. Хамгийн ноцтой нь дээрх хоёр төмөр зам өнөөдрийг хүртэл бүрэн ашиглалтад ороогүй байгаа.
Тэгвэл өнөөдөр /2022.07.27/ хуралдсан Засгийн газрын ээлжит хурлаар “Зүүнбаян, Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 2008-2019 он хүртэл баригдаагүй шалтгаан, алдагдсан боломжийг тооцож, шалгалтын баг оруулах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулахыг Сангийн яам, Авлигатай тэмцэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг холбогдох яам, агентлагуудад Ерөнхий сайд үүрэг болгосон” талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээллээ. Ингэснээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг шалгах үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөө гэж үзэх иргэд ч олон байна.