СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Нойрмог" жолоочийн улмаас нэг гэр бүлийн гишүүд амиа алдаж, бага насны хүүхдийн эрүүл мэнд ноцтой хохирч, өнчирч үлджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Нойрмог" жолоочийн улмаас нэг гэр бүлийн гишүүд амиа алдаж, бага насны хүүхдийн эрүүл мэнд ноцтой хохирч, өнчирч үлджээ

Иргэдийн амралт зугаалгын улирал эхэлж, тэд гэр бүлээрээ орон нутгийг зорих тохиолдол үргэлжилж байна. Энэ үеэр зарим иргэд нойрмоглох, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож өөрөө болон бусдын эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан харамсалтай хэргүүд энэ сард гарсан байна.

Тухайлбал, гэр бүлээрээ орон нутгийн замд зорчиж явсан иргэд автомашинтай мөргөлдсөний улмаас эхнэр, нөхөр амиа алдаж бага насны хүүхэд эрүүл мэндээрээ хохирч, өнчирч үлдсэн харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Төв аймгийн Баян сумын нутагт энэ сарын 13 /2022.07.13/-ны өдрийн 10 цагийн орчимд иргэн Б “Hyundai Sonata-7” маркийн автомашин жолоодож яваад, гэр бүлээрээ зорчиж явсан иргэн А-ын “Toyota Hilander” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар тус ослын улмаас 25-38 насны гурван хүн амиа алдаж, бага насны хүүхдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учирч ГССҮТ-т эмчлүүлж байгаа ажээ. 

Зарим албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар, “Hyundai Sonata-7” маркийн автомашины жолооч Б нь нойрмоглосны улмаас дээрх зам тээврийн ослыг гаргасан байж болзошгүй байгаа бөгөөд улмаар нэг гэр бүлийн эхнэр, нөхрийн амь насыг хохироож, тэдний бага насны хүүхдийн эрүүл мэндийг ноцтой хохироож, түүнийг бүтэн өнчин үлдээжээ. 

Иймд зарим иргэдийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон ядарсан, нойр хүрсэн үедээ автомашин жолоодохгүй байхыг анхааруулж, сэрэмжлүүлэх үүднээс тус мэдээллийг нийтэллээ.