Байгаль овчин аялал жуучлалын яамнаас дараах сэрэмжлүүлэг мэдээллийг гаргажээ.
ТУС МЭДЭЭЛЭЛД:
Гадаад, дотоодод аялах сонирхолтой иргэд, жуулчид, аяллын хүсэлт гаргасан мэргэжлийн бус компанид хандан үйлчлүүлснээр эрүүл мэндийн болон санхүүгийн эрсдэлд орох тохиолдлууд гарах болсныг анхааруулж байна. 2022 оны 2 дугаар сарын 14-ны өдөр Монгол Улс хилээ нээж, жуулчин хүлээн авах боломжтой болсоноо олон улсад зарласан бөгөөд 7 дугаар сарын байдлаар Монгол Улсыг зорин гадаад улс орноос ирэх жуулчдын тоо 100 мянгыг даваад байна. Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд гадаадын жуулчдын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл их бөгөөд нэг жуулчин аяллын хугацаандаа ойролцоогоор 1280 ам долларыг зарцуулж хариуцлагатай аяладаг.
Мөн дотоодын аялагчид эх орноороо болон гадаад улс оронд аялах тохиолдолд аялалын хүсэлт гаргасан мэргэжлийн бус компаниас хамааран эрсдэлд орох явдал цөөнгүй гарах болжээ. Аялал жуулчлалын тур операторын чиглэлийн зөвшөөрөлгүй, мэргэжлийн бус хувь хүн, хуулийн этгээдүүд сүүлийн үед иргэдийн гадаад, дотоодод аялах хүсэл сонирхлыг ашиглаж байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.
Тухайлбал, гадаадын улс орон болон дотоодын чиглэлд хямд зардлаар аялуулах нэрийдлээр баталгаат бус аяллын хөтөлбөр гаргаж, иргэд олон нийт мэдээлэл дутмагаас болж тус хөтөлбөрт нь хамрагдан санхүү, эрүүл мэндийн эрсдэлд өртөх тохиолдол гарч байна. Иймд нийт иргэд, аялагчдад аялал жуулчлалын тур операторын үйл ажиллагаа явуулах эрхгүй, мэргэжлийн бус байгууллагаар үйлчлүүлэхгүй байх, гэрээ хийхгүй байх, төлбөр тооцоо хийж эд хөрөнгө, эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулан сэрэмжлүүлж байна гэжээ.