БАРИМТ: УНТЭ-т хандив өгсөн компаниудаас “худалдан авалт хийж”, хандив өгөөгүй хэдийнх нь эрхийг хязгаарлаж хууль зөрчсөн байжээ

БАРИМТ: УНТЭ-т хандив өгсөн компаниудаас “худалдан авалт хийж”, хандив өгөөгүй хэдийнх нь эрхийг хязгаарлаж хууль зөрчсөн байжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан нь Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/-ийн даргаар ажиллаж байхдаа нэлээд олон хууль зөрчсөн томилгоо хийж, улмаар тэдгээр хүмүүстээ давуу байдал олгож, орон сууц олгосон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Тэгвэл Т.Мөнхсайхан нар нь Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/-ийн даргаар ажиллаж байхдаа  олон тооны бараа үйлчилгээг тендер, сонгон шалгаруулалт явуулахгүйгээр шууд худалдан авч, бусдад давуу байдал олгож, авилга, ашиг сонирхлын зөрчил үүсгэжээ. Мөн байгууллага, аж ахуй нэгжээс хандив авч улмаар шууд худалдан авалт хийх, төлбөрийг төр даах эм, эмнэлгийн хэрэгсэл болон өндөр өртөгт эмнэлгийн хэрэгсэл худалдан авахдаа цөөн тооны байгууллагатай он дараалан гэрээ хийсэн нь ил болжээ. 

-"АЙВИКО ИНТЕРНЭЙШНЛ"-ЭЭС 5 ТЭРБУМ, “МОНОС ФАРМ”-ААС 1.5 ТЭРБУМ, “АЗИФАРМ”-ААС 1.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ ШУУД ХУДАЛДАН АВЧЭЭ-

Тодруулбал, УНТЭ нь худалдан авах ажиллагаа зохион байгуулахгүйгээр "Баянсоёмбо" ХХК-тай нийт зургаан удаа гэрээ байгуулж, харуул хамгаалалтын төлбөрт 147 сая 973 мянга 550 төгрөг шилжүүлсэн байна. Мөн "Төгс гэрэлт цамхаг" ХХК-тай хоёр удаа 85 сая төгрөгийн үнэ бүхий засварын ажил хийх гэрээ байгуулсан бол "Ирмүүн бар" ХХК-тай 60 сая төгрөгийн дүнтэй гурван ширхэг ариун цэврийн өрөөний засварын ажил гүйцэтгэх гэрээг тендер зарлахгүйгээр сонгон шалгаруулсан байх аж.

Түүнчлэн өндөр өртөгтэй эмнэлгийн хэрэгсэл худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа 15 компанийг гурван он дараалан сонгон шалгаруулсан байна.

Тодруулбал, “Эндоженмонголиа” ХХК-д нийт 3.6 тэрбум, “МедМонгол” ХХК-д 2.2 тэрбум, “Санчир Ундрах” ХХК-д 1.5 тэрбум төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. Харин төлбөрийг төр хариуцах эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авахдаа 17 компанийг гурван он дараалан сонгон шалгаруулж, үүнээс хамгийн их буюу "Айвико интернэйшнл" ХХК 5 тэрбум, “Монос Фарм” трейд ХХК-д 1.5 тэрбум, АзиФарм ХХК-д 1.3 тэрбум төгрөгийг шилжүүлжээ.

-УНТЭ 20 КОМПАНИ, 1 ТББ-ААС НЭГ ТЭРБУМ ДОЛОО САЯЫН ХАНДИВ АВЧ, ЗАРИМ НЬ ТЕНДЕРТ ШАЛГАРЧЭЭ-

УНТЭ нь сүүлийн гурван жилийн хугацаанд 20 компани, 1 төрийн бус байгууллага /ТББ/-аас мөнгөн болон бараа материал, тоног төхөөрөмж зэрэг нийт 1 тэрбум 7 сая төгрөгийн дүнтэй хандив авсан байна. Гэтэл тус эмнэлгийн удирдлагууд хандив, санхүүгийн туслалцаа авахын өмнө ЭМЯ-наас хандив авч болох эсэх талаар албан ёсоор зөвшөөрөл аваагүй аж.

Хэрэв тухайн байгууллагаас хандив, тусламж авсан бол хоёр жилийн хугацаанд хандивлагчтай холбоотой шийдвэр гаргахыг хориглодог хуулийн зохицуулалттай.

Гэтэл тус эмнэлэг нь хандивлагч 15 байгууллагатай бараа материал худалдан авах гэрээ байгуулсан байна. Тодотговол, хандивлагч “Ирмүүн бар” ХХК-тай 2019 онд 110 сая, 2020 онд 423 сая, 2021 онд 80 сая төгрөгийн засварын ажлын тендерт шалгарч, ажил гүйцэтгэсэн байна. Мөн “Шинэ эрин медикал”, “Евро фарм”, “Тавин ус”, “Монфа трейд”, “Монгол эм импэкс концерн”, “Нахиа фарм” зэрэг компаниуд УНТЭ-т хандив өгч байсан бөгөөд эдгээр байгууллагуудтай худалдан авалт хийх гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн үйлдэл аж.

Түүнчлэн эмнэлгийн түрээслэгчийг сонгон шалгаруулахдаа тус эмнэлгийн барилгад хөрөнгө оруулалт хийсэн, хандивлагчид боломж олгож, хандив өгөөгүй иргэн, аж ахуйн нэгжийн эрхийг хязгаарласан байна.

Мөн аж ахуйн нэгжийн оруулсан хөрөнгийг өмчдөө бүртгэж аваагүй байсан нь мэргэжлийн байгууллагын шалгалтаар илэрчээ. Тухайлбал “Мөнхийн тун”-ХХК-ийн 31.4 сая төгрөгөөр эмийн сангийн өргөтгөл шинээр хийсэн, “Марал хатан” ХХК-ийн 34.5 сая төгрөгөөр өргөтгөл шинээр хийсэн, “Өлзийдэн” ХХК-ийн 20.3 сая төгрөгөөр амбулаторид байрлах байршил өөрчлөгдсөнөөр шинээр байр талбай тохижуулсан хөрөнгө оруулалт, “Хан баян түшиг фарм”-ХХК-ийн 85.4 сая төгрөгөөр эргэлтийн хэсэг болон зүүн байрны залгаа хэсгийн өргөтгөлд хийсэн хөрөнгө оруулалт буюу засвар үйлчилгээг одоог хүртэл байгууллагын хөрөнгөд бүртгэж аваагүй байжээ.

-УНТЭ НЬ ЭМД-ИЙН САНГИЙН 39 САЯ ТӨГРӨГӨӨР УНТЭ-ИЙН 95 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭЖЭЭ-

УНТЭ нь 2020  оны аравдугаар сард эмнэлэг үүсэн байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулсан байна. Ингэхдээ ЭМД-ийн сангийн орлогоос 39 сая төгрөг, эмнэлгийн байр талбай түрээслэгч 9 аж ахуйн нэгжээс болон тендер шалгарч ажил гүйцэтгэсэн компаниас нийт 28.5 сая төгрөгийн хандив авч тэмдэглэсэн байна.

Дээрх байгууллагуудаас хандив авах санаачилгыг тус эмнэлгийн Төлөвлөлт, үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Б.Түвшинтөр гаргаж, улмаар хандив авсан байх аж.  

Энэ бүхнээс үзэхэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж буй Т.Мөнхсайхан нь УНТЭ-ийн даргаар ажиллаж байхдаа хууль бус олон шийдвэр гаргаж байсан ч энэ бүхэндээ хариуцлага хүлээх бус харин ч Эрүүл мэндийн сайдаар томилогдсон нь хачирхалтай. Түүний дээрх хууль бус шийдвэрүүд өдгөө ч УНТЭ-т хэрэгжсээр байгаа учир үүнийг холбогдох байгууллагууд нь анхааралдаа авч, засаж залруулах шаардлагатай байгаа учир энэхүү мэдээллийг бэлтгэлээ.