БАРИМТ: Т.Мөнхсайхан УНТЭ-ийн ТУЗ-ийг хууль зөрчин томилж, 1-4 сар ажилласан нарийн бичиг, өөрийн жолооч нарт Нэгдүгээр эмнэлгийн орон сууцны эрхийг олгожээ

БАРИМТ: Т.Мөнхсайхан УНТЭ-ийн ТУЗ-ийг хууль зөрчин томилж, 1-4 сар ажилласан нарийн бичиг, өөрийн жолооч нарт Нэгдүгээр эмнэлгийн орон сууцны эрхийг олгожээ

Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан өдгөө Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөхөөрөө ажиллаж буй. Тодруулбал, тэрбээр сайдын албан тушаалд томилогдохоосоо өмнө Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/-ийн даргаар ажиллаж байсан юм. Тэгвэл Т.Мөнхсайхан нь энэ хугацаанд нэлээд олон хууль зөрчсөн томилгоо, худалдан авалт, хандив тусламж авсан нь хууль, хяналтын байгууллагаас хийсэн шалгалтаар саяхан ил болжээ.

-УНТЭ-ИЙН ОЛОН НИЙТИЙГ БОЛОН ХАМТ ОЛНЫГ ТӨЛӨӨЛӨХ ТУЗ-ИЙГ Т.МӨНХСАЙХАН ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛЖЭЭ-

Тухайлбал, Т.Мөнхсайхан нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа тус эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн гишүүдийг сонгохдоо "хамт олныг төлөөлөх гурван гишүүн"-ийг хамт олноос санал авахгүйгээр хууль зөрчиж, өөрийн хүмүүсээ томилсон байжээ. Эдгээр хүмүүс нь өдгөө ч тус эмнэлгийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа аж.

Нарийвчилбал, Т.Мөнхсайхан нь тухайн үед Урологи, андрологийн төвийн дарга Д.Баян-Өндөр, сувилагч, тусгай мэргэжилтэн М.Дуламсүрэн, Аж ахуй, үйлчилгээний албаны дарга Б.Түвшинтөр нарыг хамт олныг төлөөлөх ТУЗ-ийн гишүүнээр томилжээ. Гэтэл Б.Түвшинтөр нь эмнэлгийн ТУЗ-д ажиллах шалгуур хангахгүй, өмнө нь эрүүл мэндийн салбарт ажилласан туршлагагүй нэгэн байсан байна. Түүнийг анх Т.Мөнхсайхан нь 2019 онд УНТЭ-ийн Аж ахуй, үйлчилгээний албаны даргын албан тушаалд сонгон шалгаруулалтгүй шууд томилж байсан бөгөөд улмаар Төлөвлөлт үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирлын албан тушаалд томилсон байна. Б.Түвшинтөр өмнө нь Улаанбаатар зам засвар, арчлалтын газарт ажиллаж байсан нэгэн юм.

Мөн Нэгдүгээр эмнэлгийн ТУЗ-ийн Олон нийтийг төлөөлөх гурван гишүүнийг хуульд нийцээгүй, ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүдийг гурван жилийн хугацаатай сонгосон байжээ.

Тодруулбал, “Монголын хүүхдийн анагаахын академи” ТББ-ын гишүүн Д.Оргилмаа, “Монголын анагаах ухааны биологийн соронзон резонансын нийгэмлэг” ТББ-ын гишүүн Ш.Уранчимэг, “Монголын мэдрэл, толгой, хүзүүний дүрслэл оношилгооны нийгэмлэг” ТББ-ын санхүү хариуцсан менежер Д.Тэмүүлэн нарыг 3 жилийн хугацаатай томилсон байжээ. Тэднийг анх томилохдоо сонгон шалгаруулалтаар шалгаруулсан гэх боловч эмнэлгийн удирдлагууд хуулийг дураар тайлбарлан, "тухайн эмнэлгээс ашиг сонирхлын зөрчилгүй" талаарх тодорхойлолт гаргуулан авах гэх шаардлага тавьж, улмаар дээрх гурван ТББ-ыг тодорхойлолт авах хүсэлт ирүүлээгүй байхад нь "ашиг сонирхлын зөрчилгүй" гэх тодорхойлолтыг гарган өгчээ.

Харин ТУЗ-ийн гишүүнд тэдэнтэй зэрэг нэр дэвшсэн бусад таван ТББ-д шаардлагатай хугацаанд нь тодорхойлолт гаргаж өгөөгүйн улмаас тэд сонгон шалгаруулалтад оролцож чадаагүй байна.

Нэг үгээр хэлбэл Т.Мөнхсайхан нь ТУЗ-ийн гишүүн болох дээрх гурван ТББ-ыг урьдчилан сонгож, бусад байгууллагад санаатайгаар саад учруулж, хариуг хүлээн авах хугацаа дууссаны дараа тодорхойлолт гаргаж өгсөн байж болзошгүй байгаа аж. Харин УНТЭ-ийн ТУЗ-ийн олон нийтийг төлөөлөх гишүүнээр сонгогдсон “Монголын мэдрэл толгой, хүзүүний дүрслэл оношилгооны нийгэмлэг” ТББ-ын санхүү хариуцсан менежер Д.Тэмүүлэн нь Т.Мөнхсайхантай АШУҮИС-ийг хамт төгссөн, найз нь аж. Гэтэл эдгээр томилогдсон ТУЗ-ийн гишүүдийг эмнэлгийн зарим алба хаагчид мэдээгүй, тэд үйл ажиллагааны явуулж байгаа талаар огт мэдээлээгүй өнөөг хүрсэн байжээ. 

Нэгдүгээр эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн нэрс

Мөн УНТЭ-ийн даргаар ажиллаж байсан Т.Мөнхсайханы хууль бус томилгоо үүгээр зогсоогүй аж. Тухайлбал; 

  • Тэрбээр 2006 онд ЭМШУҮИС-ийг төгссөн нэг төгсөлтийн Б.Доржхандыг Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын албаны даргаар томилсон байна. Б.Доржханд нь тухайн үед чанар аюулгүй байдал болон удирдлагын чиглэлээр ажилласан туршлагагүй, эрдмийн болон мэргэжлийн зэрэг цолгүй, магистрын зэрэг хамгаалаагүй байжээ. Өөрөөр хэлбэл Т.Мөнхсайхан нь сургуулийнхаа нэг төгсөлтийн хүнээ хууль зөрчиж томилсон байна. Энэ хууль бус томилгоо өнөөдөр ч хэрэгжсэн хэвээр байгаа аж.
  • Мөн ахлах нягтлан бодогчоор 2 жил ажилласан, мэргэшсэн нягтлан бодогчийн эрх аваагүй Б.Банзрагчийг Санхүү бүртгэлийн албаны дарга,
  • Эрдмийн зэрэг цолгүй, магистр, докторын зэрэг аваагүй, удирдах албан тушаал өмнө нь хашиж байгаагүй, ажлын байранд тавигдах шаардлагад тэнцэхгүй Б.Нинжбадгарыг Сургалт, эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн дэд захирал, сургалт, эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны албаны дарга,
  • Эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн Олон нийтийг төлөөлөх гурван гишүүний нэгээр томилогдсон Б.Түвшинтөртэй Улаанбаатар зам засвар, арчлалтын газарт ажиллаж байсан хамт ажиллаж байсан Б.Тэлмэнтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байсан ч шинээр ажлын байр бий болгож, 2020 оны 10 дугаар сард Захиргаа, хүний нөөцийн албаны хуулийн зөвлөхөөр
  • Захиргаа, хүний нөөцийн албаны ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, бичиг хэргийн эрхлэгч С.Хуланг сонгон шалгаруулалтгүй томилсон байна.

-Т.МӨНХСАЙХАН ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ЭРХИЙГ ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ХҮМҮҮСТЭЭ ОЛГОЖЭЭ-

УНТЭ-ийн дарга Т.Мөнхсайхан нь эдгээр хүмүүсийг хууль зөрчиж, томилоод зогсохгүй “хөлсөөр ажиллах гэрээ”-г нэг жилийн хугацаатай байгуулан хуульчаар таван сар ажиллаж байсан, тус эмнэлгийн үндсэн ажилтан бус Б.Тэлмэн, тус эмнэлэгт хамгийн бага буюу нэг сарын хугацаанд ажилласан ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, бичиг хэргийн эрхлэгч С.Хулан, өөрийн жолооч, ажилд ороод дөрвөн сар болж байсан О.Басбаяр нарт эмнэлэгт түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрийн хүрээнд ирсэн орон сууцны эрхийг тус тус олгосон байжээ.

Үргэлжлэл бий ...