Сүүлийн үед иргэд коронавирусийн цар тахал үед анх олон нийтэд дэлгэн харуулж байсан 100 хүн хүлээж авах хүчин чадалтай, 6.5 сая еврогийн үнэ бүхий хөдөлгөөнт хээрийн эмнэлгийн эрэл гараад буй. Магадгүй хээрийн эмнэлгийг анх сүр дуулиантайгаа дэлгэн харуулж, ковид хүндэрсэн үед ашиглана гэж байсан ч үүнээс хойш сураг алдарсан нь ийнхүү хардлага төрүүлсэн байхыг үгүйсгэхгүй.
Нөгөөтээгүүр энэ эмнэлгийг анх хүлээн авч, ашиглана хэмээн мэдэгдэж байсан сайдынх нь хөрөнгө орлого хэд дахин өссөн нь ч хардлага төрүүлэх үндэслэл болсон. Тэгвэл бид энэ удаад 6.5 сая еврогийн үнэ бүхий хээрийн эмнэлгийн эрэлд гарлаа.
Ковидын үед олон нийтэд дэлгэн харуулж байсан хээрийн эмнэлгийг анх Монгол Улсын Засгийн газар, Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлсэн “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”-ийн хүрээнд II шатлалын 6.5 сая еврогийн өртөгтэй хээрийн хөдөлгөөнт эмнэлгийг хүлээн авч байжээ.
Тус хээрийн эмнэлэг нь нэг дор 65-100 хүн хүлээн хүчин чадалтай, эрэмбэлэн ангилалт, дүрс оношилгоо, лаборатори, мэс засал, эмийн сан, цусны нөөцлүүр, дотрын тасаг, эрчимт эмчилгээ гэсэн хэсгүүдтэй цогц хөдөлгөөнт байгууламж гэдгийг тухайн үед албаныхан онцолж байсан.
-ХЭЭРИЙН ЭМНЭЛГИЙГ ЗОХИХ ЖУРМЫН ДАГУУ ТУСГАЙ ОБЪЕКТОД ХУРААСАН БӨГӨӨД ЭРСДЭЛИЙГ ТООЦОЖ БАЙРШЛЫГ НУУЦАЛДАГ-
Тэгвэл эл эмнэлэг хаачив. Хөдөлгөөнт хээрийн эмнэлэг нь Гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх зориулалттай. Тиймээс эл эмнэлгийн бүртгэл, харьяалал нь Онцгой байдлын ерөнхий газарт байдаг бөгөөд шаардлагатай үед дэлгэхэд бэлэн байхаар тусгай объектод хураасан байгаа аж.
Энэ талаар албаны эх сурвалж, “Ковидын үед олон нийтэд дэлгэн харуулсан хээрийн эмнэлэг нь II шатлалынх бөгөөд гамшиг ослын үед хэрэглэх зориулалттай. Азаар манай улсад одоогоор хээрийн эмнэлэг дэлгэх хэмжээний гамшиг осол болоогүй байна. Хэрэв ийм зүйл тохиолдвол эмнэлгийг дэлгэхэд бэлэн байгаа. Хээрийн эмнэлгийг зохих журмын дагуу тусгай объектод хураасан. Яг хаана, ямар газар хураасан гэдгийг хэлэх боломжгүй. Хээрийн эмнэлэг нь шаардлагатай үед хүн амын эрүүл мэнд, амь насыг авран хамгаалахад ашиглах зүйл учраас учирч болох эрсдэлийг тооцож нууцалдаг. Удахгүй болох хээрийн сургуулилтын үеэр эл эмнэлгийг дэлгэхээр төлөвлөж байгаа” гэсэн юм. Үүнээс үзэхэд хээрийн эмнэлгийг ямартай ч хэн нэгэн эрх мэдэлтэн үрэн таран хийгээгүй бололтой.
-ХЭЭРИЙН ЭМНЭЛГИЙН НАРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙГ УЛСЫН ЭМНЭЛГҮҮДЭД АШИГЛАДАГ-
Гэхдээ хээрийн эмнэлгийн тоног төхөөрөмжүүд нь бүгд хураалттай, ашиглахгүй байгаа юу гэдэг эргэлзээтэй. Өөр нэгэн албан бус эх сурвалж “Хээрийн эмнэлгийн гадна талын майхан нь ОБЕГ-т хураалттай байдаг. Харин нарийн тоног төхөөрөмжүүдийг нь улсын эмнэлгүүдэд ашигладаг. Эдгээрийн худалдан авалтад “но” орсон байж болзошгүй. Тиймээс салбарын сайдынх нь орлого хэд дахин өссөн байх” гэдгийг хэлсэн юм. Ямартай ч ковидын хүндэрч, эмнэлэг хүрэлцээгүй болбол дэлгэхэд бэлэн хэмээж байсан хээрийн эмнэлгүүд ОБЕГ-ын харьяанд, тусгай объектод хураалттай байгаа аж.