АНХААРУУЛГА: 10 настай хүүхэд харгалзах хүнгүйгээр Улаанбаатараас Төв аймаг руу явсан байхад нь олжээ

АНХААРУУЛГА: 10 настай хүүхэд харгалзах хүнгүйгээр Улаанбаатараас Төв аймаг руу явсан байхад нь олжээ

Сурагчдын амралт үргэлжилж байгаа энэ үед хүүхдийг харгалдан хүнгүйгээр оршин суугаа хаягт нь орхих, хамаатны айлд нь үлдээх, хөдөө айлд амраахаар зорчуулах зэрэг тохиолдол ихээр гардаг. Үүний улмаас хүүхэд төөрөх, бие даан хол газар зорчих тохиолдол гарах болсон байна. 

Тухайлбал, Цагдаагийн байгууллагад өчигдөр /2022.07.20/ өдрийн 20:20 цагт Төв аймгийн “Лүн суманд хүүхэд алга боллоо” гэсэн мэдээлэл ирсэн байна. Ингээд мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Баянгол дүүрэгт оршин суух хаягтай 10 настай, эрэгтэй Б нь харгалзах хүнгүйгээр нийтийн тээвэрт сууж, Улаанбаатар хотоос Төв аймагт зорчин явж, айлд байхад нь өнөөдөр /2022.07.21/ 10 цагийн үед олсон байна. Иймд хүүхдийг харгалзах хүнгүй үлдээх, зорчуулах тал дээр хяналттай байж, хүүхдийг төөрөх, ахуйн осолд өртөхөөс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.