Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Б.Намхайдоржид холбогдох хүн амины хэргийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, одоогоос хоёр жилийн өмнө буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр Б.Намхайдорж нь Завхан аймгийн Улиастай сумын Жинс багийн дугаар тоотод гэртээ Р.Д, П.А, Ц.Н нартай хамт архи ууж, улмаар тэрбээр өөрийн иргэний үнэмлэхээ барьцаанд тавьж архи нэмж авахыг завдсан байна. Түүний энэхүү үйлдлийг хамт байсан П.А нь хориглоход тэрбээр дургүйцаж, П.А-гийн нүүр рүү нь мөргөж, үүдэн 3 ширхэг хиймэл шүдийг хугалжээ.
Уг асуудлаас болж мөн хамт байсан Ц.Н-той марган, ноцолдож улмаар түүнийг цонхоор түлхэж амь насыг хохироосон хэрэгт холбогдсон байдаг.
Тиймээс Б.Намхайдоржийг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 10.1-1-д зааснаар Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Завхан аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Ташрамд өгүүлэхэд, яллагдагч Б.Намхайдорж нь Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан бөгөөд түүний бүрэн эрхийг энэ оны хоёрдугаар сарын 14 /2022.02.14/-ний өдөр түдгэлзүүлсэн байна.
Иймд иргэдийг архи, согтууруулах ундааны зүйлийг тохируулан хэрэглэхийг сэрэмжлүүлэх үүднээс тус мэдээллийг нийтэллээ.