Цагдаагийн байгууллагад энэ оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 09:10 цагт “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багт барилгын хашаанд хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийн дагуу тус аймаг дахь цагдаагийн газраас хэргийн газрын үзлэгийг явуулахад 19 настай, эрэгтэй “Н” гэгч нь амь насаа алдсан нөхцөл байдал тогтоогдсон байна.
Хохирогч “Н” нь тус аймагт байрлах Зэвсэгт хүчний ... дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан бөгөөд тухайн үед цэргийн ангиас гадуур ажиллаж байсан, түүнчлэн баригдаж байгаа барилгын 15 давхраас унасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Мөн тус хэрэгт Зэвсэгт хүчний ... дугаар ангийн албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй зэрэг үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.