Аялалд гарах гэж байгаа жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо анзаарах, анхаарах хэрэгтэй хэдэн санамж байна.
Хэрэв та автомашинаасаа буух бол тээврийн хэрэгсэл жолоочгүйгээр хөдлөхгүй, танаас бусад хүн хөдөлгөх боломжгүй болгосны дараа буугаарай. Мөн автомашиндаа 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр автомашиндаа бүү үлдээгээрэй. Бас таны автомашин бусдын хөдөлгөөнд саад болохоор байвал хаалгаа нээж болохгүй шүү. Замдаа амрах, хонох зэргээр удаан зогсохдоо тээврийн хэрэгслийг тусгай зориулсан талбайд, эсхүл замаас зайдуу газарт зогсоохыг зөвлөж байна.
Хөдөлгөөний эрчим ихтэй, эгнээ чөлөөгүй замд эргэх үйлдэл хийх, саадыг тойрон гарах, зогсохоос бусад тохиолдолд эгнээ байр өөрчлөх хориотой шүү.
Мөн орон нутгийн зам дагуу маш олон тэмдэг, тэмдэглэгээ бий. Тухайлбал "Огцом эргэлт"-ийн тэмдэгт сайтар анхаарал хандуулж, хурдаа хасаж хөдөлгөөнд оролцоорой. Энэ тэмдгийг хөдөө, орон нутгийн замд тохойрсон хэсэг буюу огцом эргэлт хүртэл 150-300 метрийн зайд байрлуулдаг. Замын огцом эргэлттэй хэсэгт хурдаа сааруулахгүй орж, жолооны хүрдээ огцом эргүүлэх нь зам тээврийн осолд хүргэх эрсдэлтэй тул жолооч таныг анхааралтай явахыг сануулж байна. Аялагч та бүхэн аюулгүй явж, саадгүй хүрээрэй. Аажуу явбал аяндаа хүрнэ дээ.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба