Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хорооноос мэдээлэл хийлээ.
ТЦА-ны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга Б.Батболд "Төв цэнгэлдэх хүрээлэнгийн автомашины зогсоолын асуудал ярвигтай байна. Өмнө нь зогсоолын тоо 3500 байсан бол өнөөдрийн байдлаар 1500 орчим болсон. "Г" зөвшөөрөл нь Дүнжингарав худалдааны төвд, Мишээл Экспо төвийн зогсоолд болон Вокзалын баруун талд байдаг 1000 автомашины зогсоолд байршуулаад нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчиж, наадамчин олныг татан авах боломжтой байдлаар зохицуулалт хийхээр төлөвлөж байна. Соёолонгийн уралдаантай өдөр нэг чигийн хөдөлгөөнд урсгалыг татах байдлаар зохион байгуулалтыг хийх шаардлагатай байдаг. Учир нь хөдөлгөөний эрчим маш их нэмэгддэг учир ийм зохицуулалт хийдэг. Энэ жилийн баяр наадам онцлогтой болж байгаа учраас орон нутаг руу чиглэсэн иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах, бэлтгэл ажлыг хийж байна. Авто замын хязгаарлалт зохицуулалтыг хийх юм" гэлээ.
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирбат "Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд 19 орчим хотхон бий. Эдгээр хотхоны иргэд тухайн СӨХ-ноос зөвшөөрлийг авна. Зөвшөөрөлтэй хамт иргэний үнэмлэх, орон сууц түрээсэлж байгаа бол баталсан бичиг эс бол орон сууцны гэрчилгээний аль нэгийг авч замын хөдөлгөөнд оролцох боломжийг хангасан.
Урьдчилсан сэргийлэх ажлын талаар товч мэдээлэл өгөхөд 2022 оны эхний зургаан сарын байдлаар зам тээврийн ослоор 240 орчим хүн амиа алдаж, 1300 орчим хүн гэмтэж бэртсэн харамсалтай тоон мэдээ байна. Энэ жилийн наадмын онцлог гэвэл 9 хоногийн амралт үргэлжилнэ, бүх аймаг, сум наадмаа хийж байна. Тиймээс орон нутгийг чиглэсэн хөдөлгөөний урсгал маш их нэмэгдэж байгаа. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт хэлэхэд өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна. Тодруулбал архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодохгүй байх, аюулгүйн бүсээ зүүх, хурдаа тохируулахыг анхааруулж хэлье.
Наадмын өдрүүдэд Хүй долоо худаг-Төв цэнгэлдэх маршрутаар нийтийн тээврийн автобус иргэдэд үнэгүй үйлчилнэ. Ингэхдээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд хэсэгт тусгайлан бэлтгэсэн зогсоолоос зорчигчдоо авна. Мөн 300 орчим такси үйлчилгээний тээврийн хэрэгсэл зөвшөөрөл хамаарахгүйгээр явна. Таксинууд симфор, такси үйлчилгээний дугаарын тэмдэгтэй байх шаардлага тавигдана. Тиймээс аль болох нийтийн тээврийн хэрэгслийг сонгох нь чухал гэдгийг зөвлөе" гэв.