ВИДЕО: Түлэнхийн төвийн "моорог" барих гэж байсан газарт ОРОН СУУЦ баригдаж, аль хэдийн ашиглалтад оржээ

ВИДЕО: Түлэнхийн төвийн "моорог" барих гэж байсан газарт ОРОН СУУЦ баригдаж, аль хэдийн ашиглалтад оржээ

Сүхбаатар дүүргийн XI хорооллын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байсан "Түлэнхийн төв"-ийн хоёр давхар барилгыг одоогоос арван жилийн өмнө буюу 2012 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “ашиглалтын шаардлага хангахгүй байна” гэдэг шалтгаанаар нураах шийдвэр гаргасан.

Үүнээс хойш эрх баригчид цоо шинэ Түлэнхийн төвийг тун удахгүй “ашиглалтад оруулна” гэж амлалт өгсөөр аль хэдийн арван жилийн нүүрийг үзжээ. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл 2018 онд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа “2019 онд олон улсын жишигт нийцсэн, түлэнхийн төвтэй болно” гэж итгэл дүүрэн ярьж байлаа. Гэвч үүнээс хойш гурван жил өнгөрсөн ч ашиглалтад ороогүй хэвээр байна. Хамгийн сүүлд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “бид энэ оны зургадугаар сарын 1-ээс өмнө Түлэнхийн төвийн A корпусыг хүлээж авна. Харин Б корпусын хувьд ажлын явц 95 хувьтай байна” гэж байв. Гэвч түүний амласан хугацаанаас хойш аль хэдийн нэг сарын хугацаа өнгөрсөн ч “алдарт” Түлэнхийн төв ашиглалтад орсонгүй.

ВИДЕО:

-ТҮЛЭНХИЙН ТӨВИЙН МОРГ БАРИГДАХ ЁСТОЙ БАЙСАН ГАЗАРТ ХУВИЙН ХЭВШИЛ ОРОН СУУЦНЫ БАРИЛГА БАРЬЖЭЭ-

Шинэ Түлэнхийн төвийн барилга А, В, С блокоос бүрдэж байв. А блокийг “Цаст констракшн” компани, Б блокийг “Нутгийн зам” групп барьж буй. Харин С блокт цогцос хадгалах газар буюу "Моорог" баригдах ёстой байв. Гэвч өнөөдөр тус газарт хувийн хэвшлийн орон сууцны барилга сүндэрлэж, аль хэдийн ашиглалтад оржээ. Тодруулбал, “Хамтын шийдэл” ТББ-ийн 12 давхар орон сууц баригджээ.

Хамгийн ноцтой нь, улсын эмнэлгийн "моорог" барих гэж байсан газарт орон сууцны зориулалттай барилга барих зөвшөөрлийг хэн өгөв гэдэг нь анхаарал татна. 2010 онд Нийслэлийн засаг даргын захирамжаар 7339 м.кв талбайтай газрыг эмнэлэг барих зориулалтаар олгосон байдаг. Гэвч үүнээс 1000 гаруй метр.кв газрыг 2018 онд “Хамтын шийдэл” ТББ-д олгожээ.

Улмаар тухайн үед холбогдох албаныхан Нийслэлийн газрын алба хийгээд тухайн үеийн нийслэлийн засаг дарга С.Батболдод тодруулга авах хүсэлтийг удаа дараа гаргасан байдаг.

Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “тус барилга холбогдох норм, стандартыг зөрчин, эмнэлгээс хэдхэн метрийн зайд баригдсан тул газар эзэмших эрхийг нь цуцлах” албан бичгийг явуулж байв. Гэвч тухайн үеийн хотын удирдлагууд “ямар нэгэн зөрчилгүй” гэсэн хариуг өгч. Тийнхүү моорог баригдах ёстой байсан газрыг хувийн хэвшилд шилжүүлснээс болж маргаан үүсэн, эмнэлэг ашиглалтад орох хугацаа уртсах нэг шалтгаан болсон гэдэг.

Түлэнхийн төвийн цогцос хадгалах газар буюу моорог баригдах ёстой байсан газрыг Хамтын шийдэл ТББ-т шилжүүлэн өгчээ

-ХӨШӨӨ ДУРСГАЛ БАРИХ БОЛОХОД ХЭДЭН ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨДӨГ БОЛ АРД, ИРГЭДИЙН ТӨЛӨӨХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХЭДЭН ЖИЛЭЭР “ЦАРЦАЖ” ОРХИДОГ НЬ ЭМГЭНЭЛТЭЙ-

Байргүй болсон 10 жилийн хугацааны хоёр жилд нь Түлэнхийн төвийг “Мөнгөн гүүр” эмнэлэгт түрээсийн гэрээгээр байрлуулж байсан. Гэвч түрээсийн төлбөр төлөх хүндрэлтэй болсон тул цөөн хэдэн ортойгоор ГССҮТ-рүү шилжүүлсэн байдаг. Үүнээс хойш ГССҮТ-ийн ганц тасагт найман жил "толгой хоргодож", зарим сард хэвтэн эмчлүүлэх шаардлагатай өвчтөний тоо нэмэгдэхэд ор хүрэлцэхгүйн улмаас өвчтөнүүдээ хонгилд хүлээн авдаг байсныг эмч нар нь хэлдэг.

Олон жилийн турш маргаантай асуудал дагуулсан Түлэхийн төв арайхийн ашиглалтад орохоор болоход гаднаа ногоон байгууламжгүй, автомашины зогсоолгүй, тэр бүү хэл цогцос хадгалах байр ч үгүй байх бөгөөд энэ нь газрын далд наймаа нөгөө талаар хариуцлагагүй эрх мэдэлтнүүдтэй холбоотой. Өнөөдөр Монголын эрх баригчид хөшөө, дурсгал босгох болбол татвар төлөгчдийн мөнгөнөөс хэдэн тэрбумаар нь төсөвлөж, зарцуулж чаддаг. Мөн тус хөшөө, дурсгал нь ид шидийн гэмээр хурдан сүндэрлэдэг. Гэвч ард, иргэдийн төлөөх бүтээн байгуулалт хийх болоход энэ мэт арван жилээр сунжирч, төсөв мөнгө нь царцаж орхидог нь эмгэнэлтэй.