Улаанбаатар-Дархан-Уул аймаг чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлыг 2023 оны аравдугаар сараас хэтрүүлэхгүй дуусгах үүрэг, чиглэлийг Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад өгсөн. Харин тус ажлыг хариуцан ажиллаж буй Зам тээврийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ "Ирэх намар гэхэд замын ажлыг дуусгана" гэсэн билээ.
Засгийн газраас 2018 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өргөтгөн шинэчлэх шийдвэр гарсан билээ. Энэ дагуу одоо ашиглагдаж буй хоёр эгнээ хуучин авто замыг Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын Сэргээн Босголт Хөрөнгө, Оруулалтын Банкны санхүүжилтээр шинээр нэмж хоёр эгнээ авто зам барьж буй юм. Нийт 204.11 км авто замыг таван багц болгон хувааж өөр өөр компаниуд тендерт шалгарсан. Одоогийн байдлаар 1, 3, 5 дугаар багцад эхний хоёр эгнээ зам тавих ажил дуусах шатандаа орсон бол 2, 4 дүгээр багц хэсгийн гүйцэтгэгчид хүсэлт гаргасны дагуу гүйцэтгэлийн гэрээг цуцалснаар нийт 90.58 км авто замын барилгын ажил хийгдээгүй юм.
Хоёр, гурав, дөрөвдүгээр багцыг гүйцэтгэж буй БНХАУ-ын “Чайна-Жео Инженеринг” болон “Жунмэй Инженеринг групп” ХХК-ийн ажил хангалтгүй байгаа аж. Ажлын гүйцэтгэл хангалтгүй байгаа БНХАУ-ын компаниудад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхааруулга өгч гэрээгээ цуцална гэж сануулсан. Тэрбээр мөн тус компаниудыг сонгон шалгаруулсан хүмүүсийг АТГ-т өгч байгаагаа мэдэгдсэн юм.
Тэгвэл 2018-2019 оны Зам тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан, Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Тендерийн хорооны удирдлага, мэргэжилтэн, Автозамын хөгжлийн газрын дарга тэргүүтэй хүмүүсийг шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.
Түүнээс гадна шаардлага хангахгүй компаниудыг сонгон шалгаруулсан хүмүүсийг бид өнөөдрийн дугаартаа онцолсон. ЭНД дарж унших. Дарханы замыг тэр чигт нь хуулах, шинэ зам тавих компаниудыг сонгон шалгаруулах бүхий л ажил Б.Энх-Амгалан сайдын үед хийгдэж байсан билээ.