Өнгөрсөн долоо хоногт АН-ын их хурлын үеэр /2022.07.02/ тус намын гишүүн Д.Алтанхуяг С.Эрдэнийг түлхэн унагаж, зодсон гэх хэрэгт холбогдож түүнийг 48 цагийн хугацаатай саатуулсан. Тэгвэл өнөөдөр /2022.07.05/ түүний цагдан хорих хугацаа дууссан тул үргэлжлүүлэн хорих саналыг прокурорын байгууллагаас гаргасан тул шүүхээр хэлэлцэж, цагдан хорихгүй гэсэн шийдвэрийг гаргажээ.
АН-ын гишүүн Д.Алтанхуяг, “Миний хувьд АН-ын хуралд төлөөлөгчөөрөө оролцоод хурлыг дэгийн дагуу явуулаачээ гэдэг шаардлага тавьсан. Энэ хурал дэгийнхээ дагуу яваагүй. Зохиомол жүжиг хэлбэрээр явсан учраас би бухимдлаа илэрхийлсэн. Үзэл бодлоо илэрхийлье, үгээ хэлье гээд бухимдлаа илэрхийлсэн. Энэ нөхцөл байдлыг давсалж, зохиомлоор өөр нотлох баримтууд олдсон мэтээр олон нийтэд ойлгуулж, хутга мэс ашиглаж хүний амь насанд халдахыг завдсан, орон гэрийн шатаах гэж оролдсон гэх мэт ийм байдлаар гүтгэж түүнийгээ цагдаад гомдол болгож өгөөд энэ дагуу 30 хоног цагдан хорих санал гараад явсан. Ер нь ямарваа нэгэн улс төрийн намын хурал дээр тухайн намын гишүүн удирдлагууддаа хандаж тавьсан ширүүхэн шаардлага, тэр сэтгэл хөдлөл болгоныг заналхийллээ гэж авч үзэх юм бол энэ улс төрийн нам чинь өөрөө яаж цаашаагаа шийдвэр гаргаж, хөгжиж явах юм бэ. Шүүх шударга шийдсэн байх гэж бодож байна. Миний хувьд бол тухайн үед хүнд гэмтэл авсан. Арав гаруй хүн тал талаас зодсон, цохисон. Энэ асуудал бас давхар шалгагдаад явах байх. Миний зүгээс миний биед мэсний зүйл огт байхгүй. Харин миний зүгээс дахин хэлэхэд Ардчилсан үзэлтэй АН-ын гишүүд, төлөөлөгчид та бүхнээс уучлалт хүсье” гэв.
LIVE: