Ардчилсан намын Их хурлын үеэр /2022.07.02/ тус намын гишүүн Д.Алтанхуяг С.Эрдэнийг түлхэн унагаж, зодсон хэрэг гарсан билээ. Улмаар Д.Алтанхуягийг 48 цагийн хугацаатай саатуулсан.
Тэгвэл түүнийг шүүгчийн захирамжгүй саатуулсан хугацаа өнөөдөр орой дуусах юм. Харин үргэлжлүүлэх хорих эсэх асуудал одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа байгаа бөгөөд мөрдөгч үргэлжлүүлэн хорих үндэслэлтэй гэж үзвэл цагдан хорих 48 цагийн хугацаа өнгөрөхөөс өмнө саналаа шүүхэд хүргүүлэх хуулийн зохицуулалттай юм.
Харин энэ хэргийн талаар С.Эрдэнийн хувийн өмгөөлөгч Г.Батбаяр мэдээлэл хийж, “Иргэн А гэгч этгээд АН-ын дарга С.Эрдэнийн амь нас эрүүл мэндэд халдахаар улайран дайрч түүнийг бэртээж, гэмтээсэн. Түүний биеэс хутга, мэсний төрлийн зүйл гарсан. Энийг цагдаагийн байгууллага баримтжуулж нотолсон” гэж мэдэгдсэн юм. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар, Д.Алтанхуягийн биеэс хутга мэсний зүйл илрээгүй байна. Харин тухайн хурал зохион байгуулж байсан газраас хоолны ширээний хутга олдсон ажээ.