Зарим үйлчилгээний газар “service charge” буюу “үйлчилгээний хөлс” гэж тодорхой мөнгийг үйлчлүүлэгчдээс авдаг.
Ингэхдээ тухайн иргэнд мэдэгдэхгүйгээр тооцоонд нь шингээж, авдагт иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Тэгвэл энэ талаар ШӨХТГ-ын дарга Ч.Мөнхчулуун “Eagle tv”-д өгсөн ярилцлагадаа “Бараа, бүтээгдэхүүний үнэд нь тусаагүй боловч тооцоо хийхэд 5 хувийн үйлчилгээний хөлс авч байгаа нь хэрэглэгчийг хохироосон худалдааны арга хэрэглэж байна гэж үзэхээр байна. Хэрэглэгчийн үнэн бодит мэдээллээр хангах эрхийг зөрчсөн гэж үзвэл тухайн байгууллагыг 5 мянган нэгж буюу 5 сая төгрөгөөр торгох зохицуулалттай. Үнэ, нийслэл хотын албан татвар, НӨАТ дээр нь нэмээд “service charge” гэж хуульд заагаагүй татвар авч байна. Үйлчилгээний хөлс авах эсэх нь тухайн байгууллагын мэдлийн асуудал ч гэсэн үйлчлүүлэгчийн энэ талын мэдээллээр хангах нь тэдний үүрэг юм” гэжээ. ШӨХТГ-т энэ төрлийн гомдол, мэдээлэл ирж байгаа тул хяналт тавьж ажиллахаар болжээ.