С.Будрагчаа: Монголын хууль цагдаа, прокурор, шүүхийнхэнд үйлчилдэггүй гэдгийг Ж.Соронзонгийн хэрэг хангалттай харууллаа /ВИДЕО/

С.Будрагчаа: Монголын хууль цагдаа, прокурор, шүүхийнхэнд үйлчилдэггүй гэдгийг Ж.Соронзонгийн хэрэг хангалттай харууллаа /ВИДЕО/

БШУЯ-ны яамны харьяа Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонгийн хууль зөрчсөн байж болзошгүй ноцтой хэргүүдийн талаар Nuuts.mn мэдээллийн сайт өнгөрсөн хугацаанд хэд хэдэн цуврал нэвтрүүлэг бэлтгэн, олон нийтэд хүргэсэн. Нэвтрүүлэг цацагдсаны дараа ямар үр дүн гарсан талаар бид тус сайтын ерөнхий редактор С.Будрагчааг студидээ урьж ярилцлаа.

ВИДЕО:

 

-АТГ-ЫНХАН МАШ УДААН, УНХИАГҮЙ АЖИЛЛАСНААС БОЛЖ ХЭРГИЙГ ШАЛГАХ ЯВЦАД НОТЛОХ БАРИМТ УСТСАН АСУУДАЛ ГАРСАН-

-Та өнгөрсөн хоёрдугаар сард Орос 3-р сургуулийн захирал Ж.Соронзонгийн хууль зөрчсөн байж болзошгүй хэргийн талаарх нэвтрүүлэг цацсан. Нэвтрүүлгийн дараа ямар үр дүн гарсан нь сонирхол татаж байна. Хууль хяналтын байгууллагынхан хэр ажиллав?

-Нэвтрүүлгийн эхний дугаарыг хийхэд нэлээн их хугацаа зарцуулсан. Судалгаагаа 2021 оны аравдугаар сараас эхлүүлж, бүхэл бүтэн дөрвөн сарын турш цуглуулсан материал дээрээ үндэслэн эхний дугаараа “Нууц материалууд-Паразит” гэдэг нэртэйгээр 2022 оны хоёрдугаар сард анх олон нийтэд хүргэсэн. Нэвтрүүлэг цацагдсан даруйдаа дуулиан, шуугиан үүсгэж, маш олон хэвлэл мэдээллийн байгууллага өөрсдийнхөө сувгаар цацсан. Нэвтрүүлгийн мөрөөр АТГ холбогдох ажиллагааг хийж байгаа болов уу гэж найдан тус газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах төвөөс тодруулахад “ямар ч тийм зүйл байхгүй” гэж хэлсэн. Үүнд би их гутарсан. Тиймээс энэ асуудлын дагуу гомдлыг өөрөө гаргая гэж хоёрдугаар сарын 15-ны өдөр албан ёсоор АТГ-ын үүдэнд хэвлэлийн бага хурал зарлан, Ж.Соронзонгийн гэм бурууг илчилсэн 67 хуудас бүхий материалуудаа өгсөн.

Үүний дараа олон нийт Ж.Соронзонг нэн яаралтай шалгаж, арга хэмжээ тооцох, ял шийтгэл өгөхийг гэж шаардсан. Харамсалтай нь нөхцөл байдал эсрэгээрээ эргэлээ. Хоёрдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл бүхэл бүтэн дөрвөн сар өнгөрчихсөн байхад тэр хүнийг яллагдагчаар татаж, шалгасангүй.

-Тэгэхээр АТГ, хууль хяналтын байгууллагаас баримт дэлгэсээр байхад ямар ч арга хэмжээ аваагүй гэсэн үг үү?

-Яалт ч үгүй гомдол, мэдээлэл өгсөн учраас хэрэг үүсгэн шалгасан. АТГ-ынхан маш удаан, унхиагүй ажилласнаас болж тухайн хэргийг шалгах явцад нотлох баримт устсан асуудал гарсан. Тодруулбал, Орос 3-р сургуулийн хурлын зааланд тус сургуульд 2019 оноос хойш аудит хийж буй залуу ирчихсэн баримт материалуудыг нь урж, оронд нь шинэ хуудсаар нь сольж байна гэдэг мэдээлэл надад ирсэн.

Мэдээллийн дагуу би цагдаа, тагнуул, АТГ-т хандан, өөрөө хамт тухайн сургууль дээр очсон юм. Тус хэрэгт Сүхбаатар дүүргийн цагдаагийн алба хаагчид маш шуурхай ажиллан, 6-8 хүний бүрэлдэхүүн очсон.

Гэтэл ажлын цаг аль хэдийн өнгөрчихсөн байхад нягтлан, нярав хоёр нь байсан. Тухайн хүмүүсээс мэдүүлэг авсан ч чухам ямар материалыг устгасан нь тодорхойгүй хэвээр үлдсэн. Сүүлд яг тухайн процессыг харсан эх сурвалж надад бүх үнэнийг хэлсэн. Н.Лүндэндоржид сар болгон 3,5 саяас 10 сая төгрөгийн цалин өгсөн асуудал байгаа шүү дээ. Тэр баримтыг устгаад сольж байсныг эх сурвалж маань өөрийн нүдээр харсан байсан.

-АТГ-аас таны эх сурвалжийн өгсөн мэдээллийн дагуу шалгалт хийсэн үү?

-АТГ-т энэ талаар хэлэхэд “тийм зүйл байхгүй. Нийгмийн даатгалын сан дээрх мэдээллийг устгаж чадахгүй шүү дээ. Нэвтрүүлгийн тань мөрөөр бид бүх баримт, мөнгө шилжүүлсэн гэрээнүүдийг материалжуулаад эх хувиар нь авчихсан байгаа. Шалгалтын ажиллагаа явагдаж байна” л гэж хэлдэг. Дөрвөн сар 15 хоног өнгөрчхөөд байхад ямар ч удаан шалгадаг юм, яасан ч урагшилж өгдөггүй ажил юм. Иймэрхүү л байдалтай байна. Үнэхээр увиагүй ийм л зүйл болж байна.

Монголын хууль цагдаа, прокурор, шүүхийнхэнд үйлчилдэггүй юм байна. Үйлчилдэггүй гэдгийг би өнгөрсөн хугацаанд хийсэн маш олон контент, иж бүрэн хоёр нэвтрүүлгээрээ хангалттай харууллаа. Хэдэн мянган хүн Ж.Соронзонд хариуцлага тооц гэж шаардсан ч ямар ч арга хэмжээ авалгүй явсаар байна.

-БШУ-НЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН Ж.СОРОНЗОНТОЙ ЯМАР НЭГЭН БАЙДЛААР ЭРХ АШГИЙН ХОЛБОО, ХАМААРАЛТАЙ ГЭЖ ХАРДАЖ БАЙГАА-

-Энэ хэрэг боловсролын асуудалтай ч холбоотой шүү дээ. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан энэ хэрэг дээр хэр ажилласан гэж та бодож байна?

-Л.Энх-Амгалан сайд Ж.Соронзонтой ямар нэгэн байдлаар эрх ашгийн холбоо, хамааралтай гэж би боддог. Хэрвээ холбоо, хамааралтгүй байсан бол түүнийг нэн даруй ажлаас нь халж, хариуцлага тооцчих байлаа шүү дээ. Л.Энх-Амгалан Хөвсгөлийнх. Ж.Соронзонгийн нөхөр Н.Лүндэндорж ч Хөвсгөлийнх. Энэ утгаараа нутгийн зөвлөл зэргээр холбогдсон хүмүүс байдаг юм болов уу гэж би хардаж байна.

-Та энэ асуудлаар Л.Энх-Амгалан сайдаас тодруулга, тайлбар авахаар хандсан уу?

-Ж.Соронзонтой холбоотой асуудлаар ярилцлага авъя гэж хоёр ч удаа сайдын хэвлэлийн албатай холбогдсон ч хариу өгөөгүй. “Манай сайд завгүй байна, сайд өгөхгүй” гэдэг. Хоёрдугаар сарын 13-ны өдөр цацсан нэвтрүүлэгтээ би Ж.Соронзонг төрсөн дүү Ж.Содбилигийнхээ бүртгэлтэй компани руу жилд нэг тэрбум гаруй төгрөгийг түрээс нэрийн доор шилжүүлж байгаа талаарх баримтыг дэлгэсэн. Сүхбаатарын талбайн хажууд байрлах “Erdem Tower” барилгын сарын түрээс 1м2 нь 35 мянган төгрөг байдаг. Хотын А зэрэглэлийн бүсэд шүү дээ. Гэтэл Ж.Соронзон нийтийн зориулалттай, орон сууцны доор байрлах объектоо 2015 оноос эхлээд 1м2-ийг 54,100 төгрөгөөр үнэлж, мөнгө шилжүүлсэн байгаа юм.

Энэ асуудлын баримтыг дэлгэсний дараа АТГ Эрүүгийн хуулийн 22.1 буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр хэрэг нээн шалгаж байхад ч Ж.Соронзон 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр дахиад л 220 гаруй сая төгрөг шилжүүлсэн байдаг. Энэ бол намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ гэж байгаатай адил үйлдэл юм. Энэ талаарх бүх баримтыг гаргаж ирээд байхад өнөөг хүртэл ямар ч арга хэмжээ авахгүй байна. Уг нь энэ хүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлээд шалгах ёстой шүү дээ.

-ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРААС “МАНАЙ УЛСЫН ЭРХ АШИГ ХИЛИЙН ЧАНАДАД ЗӨРЧИГДӨЖ” БАЙГАА ТУЛ ЭНЭ АСУУДЛЫГ ШАЛГА ГЭСЭН ЧИГЛЭЛ ӨГСӨН-

-Та өнгөрсөн долоо хоногт Ж.Соронзонгийн нөхөр болон хүүгийнх нь осол гаргаж, хүний амь хохироосон байж болзошгүй Нууц материалууд: Гэм зэм-ял шийтгэлгүй аллагууд нэвтрүүлгээ цацсан. Энэ хэргийг сэргээн шалгана гэх мэдээлэл гараад буй. Энэ үнэн үү?

-Над руу хуулийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан холбогдож, “Таны нэвтрүүлгийг үзээд Монгол Улсад шударга ёс алдагдсан болохыг харлаа. Бид талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдмоор байна. Хэрэв ар гэрийнхэн нь сэргээн шалгуулах хүсэлтэй байна гэвэл бид Монголын өмгөөлөгчдийн холбоонд хандан, хамгийн чадварлаг өмгөөлөгчдийг энэ хэрэг рүү оруулах болно” гэдэг санал хэлсэн. Би ар гэрийнхэнд нь дамжуулсан байгаа. Тэгэхээр Монголын хуулийн байгууллагынхан энэ хэргийг анхаараад байх шиг.

Гэвч Н.Лүндэндоржийн аллагыг хэрэгсэхгүй болгоход оройлон оролцож, түүнийхээ төлөө шагнал авсан шүүгч нарын томилгооны асуудлыг хэн, хэрхэн, яаж сэргээн шалгах вэ гэдэг асуудал хөндөгдөнө. Тэгэхээр бүх хэргийг ул сууриар нь сэргээн шалгах хэрэгтэй. Тэгж байж энэ хүмүүст Монгол Улс хуультай юм шүү гэдгийг ухааруулж, дараа дараагийн асуудлууд цэгцэрнэ.

-Оросын талаас Ж.Соронзонтой холбоотой хэргийг шалгаж эхэлсэн гэсэн мэдээллийг та цахим хуудастаа бичсн байсан. Энэ үнэн үү?

-Анхны нэвтрүүлгээс эхлээд Ж.Соронзон захирлыг хуучин хувцаснуудаа багш, ажилчдадаа хүчээр зардаг гэх мэт асуудлуудыг би богино хэмжээний видео контентоор олон нийтэд хүргэсээр байсан. Гэтэл Ж.Соронзонгийн доромжлолыг амсаж, халагдаад эх орон руугаа буцсан багш нар нийтлэл, нэвтрүүлгүүдийг маань орчуулж, эх хувиар нь Засгийн газар, Боловсролын яам, Буриадын яам руу явуулж байсан юм байна лээ. Тэдний хүсэлтийн дагуу ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас Буриад улсын Боловсрол, шинжлэх ухааны яаманд “Манай улсын иргэдийн эрх ашиг хилийн чанадад зөрчигдөж байгаа ноцтой асуудал гарсан байна. Тэр тусмаа ОХУ-ын хамтарсан статустай сургууль дээр ийм асуудал гарсан байна. Энэ асуудлыг шалга” гэж тавдугаар сарын 22-ны өдөр чиглэл өгсөн юм байна лээ. Үүний дагуу шалгалт хийж эхэлсэн ба наймдугаар сарын 22-нд эхний хариу албан ёсоор гарна гэсэн мэдээллийг өгсөн. Өмнө нь ажиллаж байсан бүх багш руугаа холбогдож уг асуудлыг нотолж, тогтооно гэсэн.

Хоёрдугаарт, сүүлд “Гэм зэм-Ял шийтгэлгүй аллагууд” гэдэг нэвтрүүлгийг орчуулж цацахад “Ж.Соронзон бол Орос-Монголын хамтарсан статустай сургуулийн захирлаар ажиллах ямар ч ёс зүйгүй хүн юм байна. Энэ хүн захирлаар ажиллаж байгаа тохиолдолд бид энэ сургуультай албан ёсны ямар ч харилцаа үүсгэхгүй” гэсэн хариу өгсөн.

-Та эрэн сурвалжлах нэвтрүүлгүүдээ ард түмний хандиваар хийж байгаа шүү дээ. Энэ бол барууны сэтгүүл зүйд дэлгэрсэн хэлбэр. Манай Монголын сэтгүүл зүйд бол харьцангуй шинэ гэж хэлж болно. Нууц биш бол иргэд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үйл ажиллагаанд хэр хандив, тусламж өгч байна вэ?

-Ард түмэндээ хамгийн түрүүнд баярлалаа гэдгээ хэлье. Намайг маш сайн дэмжиж байгаа. Анхны олон нийтээс хандив хүссэн лайваа би 2022 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр хийсэн. Ингэхэд эхний нэвтрүүлэг бүтэхээс эхлээд цацагдах хүртэл 8 сая төгрөгийн хандив цугласан. Энэ хандиваас нэвтрүүлгийнхээ эхний дугаарыг хийж, хоёр дахь дугаарынхаа тодорхой санхүүжилтийг ч гаргасан. Дараагийн нэвтрүүлгээ цацахад 4 орчим сая төгрөгийн хандив цугласан.

Эрэн сурвалжлах нэвтрүүлгийн сул тал нь маш өндөр зардлаар босдог. Зүгээр нэгхэн өдөр очоод хийчихдэг ажил биш. Маш их тэвчээр шаарддаг.

Хандив өгсөн хүмүүс маань нэвтрүүлэг юу болж байгаа бол гэж их холбогддог. Би хийж байгаа л гэдэг. Гэхдээ би АТГ шиг хийж байгаа гэх нэрээр шүүгээн дотроо хийгээд хаяхгүй. Өдөр тутам шаардлагатай мэдээллүүдээ цуглуулж, ажлаа хийсээр байх болно. Намайг дэмжиж байгаа ард түмэндээ маш их баярлалаа. Та бүхний ачаар өнөөдөр хэнээс ч хараат бусаар, хэний ч эрх ашигт үйлчлэхгүйгээр маш тэнцвэртэй нэвтрүүлэг бүтэх юм шүү, цаашдаа ч бүтээсээр байх болно гэж хэлмээр байна. Эхний нэвтрүүлгийг цацсаны дараа иргэдээс гадна аж ахуй нэгжүүд хүртэл дэмжсэн. Тухайлбал, “Бүрэн цутгамал” ХХК намайг дэмжиж 100 мянган төгрөг өгсөн. Олны танилуудаас дуучин Quiza “дэмжиж байгаа шүү” гэж 100 мянган төгрөг шилжүүлсэн байсан. Олны тус дэмээр нэвтрүүлгээ үргэлжлүүлж, олон нийтийн эрх ашгийг хамгаалсаар байх болно.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

-Баярлалаа.