Д.Нэргүй: Хөгжлийн бэрхшээлтэй ахыг минь халамжаас хасаж, айлган сүрдүүлснээс болоод амиа егүүтгэчихлээ /ВИДЕО/

Д.Нэргүй: Хөгжлийн бэрхшээлтэй ахыг минь халамжаас хасаж, айлган сүрдүүлснээс болоод амиа егүүтгэчихлээ /ВИДЕО/

Харааны болоод хөгжлийн бэрхшээлтэй Б гэх иргэнийг халамжийн мөнгөнөөс хассанаас үүдэж, амиа егүүтгэсэн харамсалтай хэрэг энэ сарын 18 /2022.06.18/-ны өдөр гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Тэгвэл бид талийгаачийн дүү Д.Нэргүйтэй болсон хэргийн талаар ярилцлаа.

ВИДЕО: 

-Танай гэр бүлд тохиолдсон харамсалтай явдалд гүн эмгэнэл илэрхийлье. Уучлаарай чухам ямар асуудал болоод талийгаач ийм үйлдэл хийсэн юм бол?

-Манай ахыг Б гэдэг 2000 онд хараагүй, сэтгэцийн өвчтэй болсон. Улмаар сэтгэцийн өвчин гэх оноштойгоор 100 хувь группт байдаг байсан юм. Гэтэл Шар хадны эмнэлгийн эмч нь “Халамжаас хасна. Хуурамч бичиг баримт бүрдүүлж, 2013 оноос хойш халамжийн мөнгө авч улсад хохирол учруулсан. Тиймээс энэ бүх мөнгийг нөхөн төлүүлнэ” гэж хэлснээс болоод ах маань амьдрах итгэлгүй болж, эцэст нь амиа егүүтгэчихлээ. Өнөөдөр /2022.06.24/ талийгаачийгаа нутаглуулсан.

-Хуурамч бичиг баримт бүрдүүлж, улсад хохирол учруулсан гэдэг нь юу гэсэн үг юм бол. Та үүнийг жаахан тодруулаач?

-Баянгол дүүргийн Халамжийн газраас нь “Таны халамжийн хугацаа 2022 оны тавдугаар сарын 29-ны өдөр дууссан байна. Та сунгалтаа хийлгээрэй” гэж хэлээд хөдөлмөрийн чадвараа алдсан актыг нь өөрт нь өгсөн байсан. Улмаар ах маань зургадугаар сарын 8-ны өдөр актаа аваад Сэтгэцийн эрүүл мэндийн төвд группээ сунгуулахаар очсон байгаа юм. Гэтэл тус эмнэлгийн эмч нь актыг нь хурааж аваад “Та 2013 оноос хойш хуурамч бичиг баримт үйлдэж, группийн мөнгө авч байсан байна. Энэ мөнгийг улсад та буцаан төлөх ёстой. Яагаад хуурамч бичиг баримт бүрдүүлж мөнгө авч байгаа юм” гэж айлган сүрдүүлсэн байсан.

-СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ, ТЭГЭЭД ХАРААГҮЙ ХҮНИЙГ ЯАГААД ХАЛАМЖААС ХАССАНЫГ ОДОО Ч ОЙЛГОХГҮЙ-

- Сэтгэцийн өвчтэй, тэгээд хараагүй хүнийг халамжаас хасна гэсэн ойлголт байхгүй биз дээ?

-Харин тийм ээ. Би одоо ч ойлгохгүй байгаа. Уг нь ахыг 100 хувь хөгжлийн бэрхшээлтэй. Энэ нь хугацаагүй гээд цагаан дээр хараар бичсэн байгаа юм. Гэтэл үүнийхээ хажууд 2022 оны тавдугаар сарын 29 гээд бичсэн байна. Тэгээд л халамжийн хугацаагаа сунгуулах болсон. Хараагүй хүн хараа орно гэж байхгүй, бас дээр нь хөгжлийн бэрхшээлтэй байхад яагаад ингэж хугацаа заадаг нь үнэхээр сонин. 

-Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн хэн гэдэг эмч талийгаачид энэ бүхнийг хэлсэн байдаг юм бол. Та бүхэн мэдсэн үү?

-Яг хэн гэж эмч тэгж хэлснийг нь одоогоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ ахыг эмнэлэг дээр очсон тухайн өдөр нь ахын асран хамгаалагч руу 70150225 гэсэн дугаараас “Шар хадны эмнэлгээс ярьж байна. Та нар 2013 оноос хойш хуурамч бичиг баримт бүрдүүлж улсаас мөнгө авч байсан байна. Тиймээс эрүүгийн хариуцлага хүлээлгэж, мөнгийг нь эргүүлэн төлүүлнэ” гээд загнасан байсан. Мөн маргааш нь буюу зургадугаар сарын 9-ны өдөр дахин нөгөө дугаараас нь залгаад дээрх үгийг хэлж, дарамталсан гэсэн. Залгасан дугаар нь одоо ч гар утсан дээр байна. Ингээд ах, асран хамгаалагч эгч хоёр маань сэтгэл санааны хямралд орж, их цочирдсон байсан.

-Та тус эмнэлгийн эмч нартай холбогдсон уу. Юу гэж хэлж байх юм бэ?

-Би талийгаачийн өнгөрсний маргааш нь эгч рүү залгасан Шар хадны эмнэлгийн дугаар руу удаа дараа залгасан боловч утсаа аваагүй. Арга ядаад лавлахаас Шар хадны эмнэлгийн 98..-тай дугаарыг авч яриад учир байдлаа хэлсэн. Тухайн үед эмч “Та Даваа гарагт ирж уулзаарай” гэж хэлээд, ахиж утсаа аваагүй. Бид талийгаачаа нутаглуулах гээд зав гараагүй учир очиж уулзаж чадаагүй байна. 

-АХ МААНЬ ГРУППИЙНХЭЭ МӨНГӨӨР БАЯН ХҮН ШИГ Л АМЬДАРДАГ БАЙСАН-

-Талийгаач 18-ны өдөр амиа егүүтгэсэн байдаг. Дээрх үйл явдал болсноос хойш халамжийн мөнгөнийхөө учрыг олоогүй байсан юм болов уу?

-Халамжийн мөнгө буух өдөр хүртлээ “Намайг арай халамжаас хасаагүй байхаа. Миний мөнгө орох байх” гэж найдаж байсан гэсэн. Хэдийгээр сэтгэцийн өвчтэй ч энэ бүхнээ илэрхийлэх хэмжээнд байдаг байсан хүн.

-Энэ хугацаанд сэтгэл санаа нь хэр байсан бол. Асран хамгаалагч нь ажиглаагүй юм болов уу?

-Ах маань группийнхээ мөнгөөр баян хүн шиг л амьдардаг байсан. Гэтэл амьдралын баталгааг нь зогсоож, бас давхар их хэмжээний өрөнд орлоо гэсэн нь сэтгэцийн өвчтэй хүнд улам сэтгэл санааны дарамт үүсгэсэн нь ойлгомжтой. Үүнээс болоод дуугүй л байгаад байсан гэсэн. Харин халамжийн мөнгө ордог өглөө буюу зургадугаар сарын 15-ны өглөө үүрээр босоод банкан дээр очоод мөнгөө авах гэтэл нь “Танд ямар ч мөнгө ороогүй байна” гээд буцаасан байсан. Тэгээд 15-ны өдрөөс хойш хэнтэй ч юу ч ярихгүй, таг чиг байж байгаад 18-ны өглөө ийм үйлдэл хийсэн байгаа юм.

-Зургадугаар сарын 15-ны өдөр яагаад групийн мөнгө нь дансанд ороогүй талаар та бүхэн холбогдох байгууллагаас асуусан уу. Үнэхээр шууд халамжаас хасчихсан байсан юм байх даа?

-Яагаад группийн мөнгө нь ороогүй, үнэхээр энэ хүн хуурамч бичиг баримт бүрдүүлээд улсаас их хэмжээний мөнгө авсан байсан юм уу гэдэг үнэн мөнийг тогтоож өгөөч ээ. Энэ хүний хөдөлмөрийн чадвараа алдсан актыг хэн гэж хурааж авах гэдгийг мөн тогтоолгох хүсэлтийг би НМХГ-т гаргасан. Тус байгууллагаас шинжээч байцаагч томилно гэж хэлсэн.

-Нууц биш бол талийгаач сард хэдэн төгрөгийн халамжийн мөнгө авдаг байсан юм бол?

-288 мянган төгрөг авдаг байсан. Ах маань тэр мөнгөөрөө тэрбумтан шиг амьдардаг байсан. Тэр мөнгө нь зогслоо гэдэг үнэхээр хүнд байсан нь ойлгомжтой.

-ДАВАА ГАРАГТ АЛБАН ЁСООР ӨРГӨДӨЛ ГОМДЛОО ГАРГАНА-

-Талийгаач цагдаагийн байгууллагад ажиллаж байсан гэсэн байхаа?

-Тийм ээ. Ах маань ОХУ-д сургууль төгсөж ирээд Төмөр зам, Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах алба, Замын цагдаа зэрэг газруудад ажиллаж байсан гэдэг юм билээ. Тиймээс бид ажиллаж байсан газруудад нь хандаад ажиллаж байсан талаарх тодорхойлолтыг нь гаргаж өгөөч гэсэн хүсэлт гаргасан байгаа. 

-Та бүхэн хуулийн байгууллагад хандсан байгаа юу?

-Хэрэг гардаг өдөр ирсэн мөрдөн байцаагчид учир байдлаа хэлсэн. Даваа гарагт албан ёсоор өргөдөл гомдлоо гаргана. Хамгийн гол нь тэрхүү сэтгэл мэдрэлийн эмч яагаад ахад минь дарамт үүсгэж, зүй бус харьцав гэдэгт л бид гомдоод байгаа юм. Үнэхээр бичиг баримт нь асуудалтай байсан бол учирлаж хэлээд, асран хамгаалагчид нь үнэнийг хэлэхгүй яасан юм бэ. Ер нь цаашид эмч нарын энэ мэт буруу, ёс зүйгүй, ойлгомжгүй харилцаа олон олон хүнийг ах шиг маань сэтгэл санааны дарамтад оруулж, эцэст нь амь насанд нь хүрэх вий. Мөн нэгэнт хараагүй, хараа орохгүй нь ойлгомжтой, сэтгэцийн өөрчлөлт нь эдгэрэхгүй хүний группийг насаар нь тогтоогоод өгдөг болгооч гэдэг үүднээс бид та бүхэнд хандаж байгаа юм.