Өнгөрсөн тавдугаар сарын 11 /2022.05.11/-ний өдөр “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний урд нийслэлийн Ардчилсан намаас "Монголоо Беларусь болгохгүй" цуглаан зохион байгуулж, энэ үеэр үг хэлж байсан МУГЖ Д.Сосорбарам руу “Босоо хөх монгол”-ын Х.Бээжин тэргүүтэй хүмүүс гурил цацсан үйл явдал болсон билээ.
Улмаар хуулийн байгууллагаас Х.Бээжинд холбогдох хэргийг шалгаж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан юм.
Тэгвэл уг хэргийг шүүх хурал өнөөдөр /2022.06.23/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүхээс Х.Бээжинг 100 нэгж буюу 100 мянган төгрөгөөр торгосон байна. Түүнийг олон нийтийн газарт маргаан үүсгэж, бусдыг өдөөн хатгасан, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан, жагсаал цуглаан зохион байгуулахад саад учруулсан гэх үндэслэлээр ийнхүү шийтгэл ногдуулсан аж. Харин тэрбээр шүүх хурлын дараа Ардчилсан намын дэд дарга Д.Ганбаяр нарын хүмүүс руу дайрч, сүрүүлсэн гэх албан бус мэдээлэл байна.