Дотоодын цэргийн штабаас дотоодын цэргийн 05 дугаар ангийн байлдагч амь насаа алдсан хэргийн талаар мэдээлэл хийлээ.
Дотоодын цэргийн 05 дугаар ангийн дарга Ж.Мөнхсолонго "Сонгинохайрхан дүүргээс татагдан ирсэн алба хаагч М-ийн бие тангараг өргөсөн оройноос эхлэн биеийн байдал нь таагүй байна хэмээн ангийн эмчид үзүүлсэн байдаг. Тухайн үед биеийн байдал нь хэвийн байсан. Харин маргааш нь буюу зургадугаар сарын 16-ны өглөө дахин Эрүүл мэндийн төв үзүүлж, эмнэлгийн анхан шатны тусламжийг авсан. Гэвч орой 22 цаг 45 минутын орчимд артерийн даралт өөрчлөгдсөн учир түргэн тусламж дуудсан. Улмаар түрэн тусламжийн автомашинаар ТТАХНЭ-т хүргэгдсэн ирж, хагалгаанд орж, энэ явцдаа амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Энэ өдрөөс хойш бид ар гэрийнхэнтэй нь хамт хөдөөлүүлэх арга хэмжээг зохион байгууллаа. Талийгаачийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье. Цэргийн дүрмийн болон дүрмийн бус харилцаа байхгүй гэдгийг батлан хэлье" гэлээ.
Мөн тэрбээр "Унтлагын өрөөний камер гэр бүлийн гишүүдийг очиж үзэх үед түр зуурын засвартай байсан. Камерын бичлэг устгах, өөрчлөх, солих боломжгүй. Хэргийн материалд камерын бичлэг хавсаргасан байгаа. Тухайн өдөр ээлжийн сувилагч, эрүүл мэндийн төвийн даргатай утсаар холбогдон зөвлөгөө авч цэрэгт тусламж үзүүлж байсан. Эрүүл мэндийн төвийн даргын хувьд долдугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдах төрийн ёслолын парадын бэлтгэлтэй байсан. Биеийн эрүүл мэндийн байдлын хувьд амин үзүүлэлт нь хэвийн байсан. 22:45 цагийн орчимд даралт нь хэвийн бус болсон учраас дараагийн шатны эмнэлгийн тусламж хүргүүлэхээр түргэн тусламж дуудсан. Ямар нэгэн зүйлийг дотроо дарсан явдал байхгүй.
Хордлогын шинж чанартай байсан учраас холбогдох арга хэмжээг авсан гэж надад танилцуулсан. Эмнэлгийн дүгнэлтийг мэдэхгүй байна" гэдгийг тодотголоо.