Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байлдагч амиа алдсан хэргийн талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн /ШШҮХ/-ээс өнөөдөр /2022.06.22/ мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн зөвлөх эмч Ц.Ганболд, “З.Насанмөнх 18 настай эрэгтэй хүний цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээг хийсэн. Шинжилгээний явцыг камераар бичлэг хийж, зураг дарж баталгаажуулсан. Эд эсийн болон ходоодонд шинжилгээ хийсэн. Ходоод нь 14 см задарсан байсан. Гадна үзлэг хийхэд гэмтэл байхгүй харин тарианы ором, хатгалт байсан” гэсэн юм.
Харин ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн чиглэлийн ахлах ажилтан А.Амгаланболд, “Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт 20 гаруй цаг эмчилгээнд байж, хагалгаанд орсон. Хагалгааны үеэр ходоодыг бүхэлд нь тайрч авсан байсан. Ходоодыг бэхжүүлэх уусмалд хийж, өвчтөний түүх бусад бичиг баримттай нь цагдаагийн байгууллагаар дамжуулан авсан. Албан ёсны дүгнэлтээр талийгаачийн ходоод цоорсон эсвэл урагдсан нь цохилтоос болсон уу, хоолны хордлогоос болсон уу гэдэг шалтгаан нь бүгд тодорхой болно” гэлээ.