Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх ТЕГ-ын мөрдөгч О.Бархасбадийг тэднийг эрүүдэн шүүсэн гэм буруутайд тооцож, зургаан сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Бархасбадид холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 20-21-ний өдрүүдэд хянан хэлэлцсэн байна.
Шүүгдэгч О.Бархасбадид 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж, хэрэгсэхгүй болгожээ.
Харин мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хууль буцаан хэрэглэн 2015 оны Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 6 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна.
2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйл. Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих
133.1.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
251 дүгээр зүйл. Эрүү шүүлт тулгах
251.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2015 оны Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйл. Эрүү шүүлт тулгах
1.Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Ташрамд өгүүлэхэд, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр шалгуулж байсан Б.Хурц, О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарын хүмүүсээс О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгасан байдаг.
Харин эл шийдвэрийг хохирогчийн тал болон өмгөөлөгчид нь эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд хэргийг нь дахин хэлэлцэх ёстой гэж прокурорт буцааж байсан юм.