Өнөөдөр гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх үндэслэлээр цагдан хоригдож, шалгагдаж буй иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгчид болох Г.Баасан, А.Батдорж нар хэвлэлийн хурал хийлээ.
Өмгөөлөгч Г.Баасан “Ч.Мөнхбаярыг яллах нь хуулиар далайлгаж, Монгол Улсын иргэнийг эх оронд нь Хятадын нэрийн өмнөөс хэлмэгдүүлсэн ноцтой асуудал. Нууц гэдэг юм гэмт хэрэг дээр байж болохгүй. Нууц гэдэг үгийн дор Ч.Мөнхбаярыг хилс хэрэгт гүтгэж байна. Үүнийг ҮАБЗ анхааралдаа авах ёстой. Таслан шийтгэх арга хэмжээг өөрчлөхгүй байсаар энэ хүний бие нь муудаж, эмнэлэгт хэвтсэн. Хавтаст хэрэгтэй хорьхон минутын өмнө танилцсан шүүгч орж ирж байна.
Процессын алдаа гаргасандаа эдгээр хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Энэ хавтаст хэрэг дотор нууц гэсэн үг нэг ч байхгүй. Тийм учраас нууцаас гаргаж ҮХЦ, УИХ-ын төлөөлөл, ХҮЭК хэлэлцүүлэх ёстой. Яагаад энэ хүнийг БНХАУ-ын хуулиар яллах гээд байгаагаа бас яагаад жил гаруй мөрдсөндөө тайлбар өгөх ёстой. Тэгэхээр өнөөдөр Ч.Мөнхбаярын асуудлыг ҮАБЗ анхаарахаас өөр аргагүй болсон. Бид нар ХЭҮК-т хандсан. Манай сэтгүүлчид яагаад нэгнээ хамгаалахгүй байгаад гайхаж байна. Олон улсын сэтгүүлчдийн байгууллагад бид хандах гэж байгаа. ҮАБЗ-д хүсэлт өгсөн. Хариуг нь удахгүй өгөх байх. Хүнийг зүйл ангигүйгээр хорьж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангиар хүн УИХ-д биднийг төлөөлөөд сууж байхад, гэмт хэрэг хийсэн нь нотлогдохгүй байгаа хүнийг яагаад хориод байгаа вэ. Монголын хууль яагаад хоёр өөр үйлчилээд байгааг ойлгохгүй байна. Тагнуул, прокурор өөрсдийнхөө хийсэн хууль бус үйл ажиллагааны гацааг гаргах гэж л ийм байдалд орчуулчхаад байна” гэв.
Ц.Хүслэн