Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс, Сөүл дэх МҮОНРТ-ийн төлөөлөгчийн хамт 2022 оны зургадугаар сарын 16-ны өдөр БНСУ-ын Чонан, Тэжон хотын хорих ангид ял эдэлж байгаа Монгол иргэдээ эргэж уулзав.
Консулын хэлтсийн дарга Б.Тэнүүн, Дэд консул Г.Оюун-Эрдэнэ нар хорих ангийн нөхцөл байдалтай танилцаж, иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож, сонирхсон асуултад хариулж, мэдээлэл өгчээ.
Чонаны хорих ангид манай улсын 12, Тэжонд хоёр иргэн тус тус ял эдэлж байгаа бөгөөд хорих ангийн удирдлагын зүгээс иргэдээс тавьсан санал хүсэлтийг хүлээн авч, шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлэхээ илэрхийлсэн аж.
Тус Элчин сайдын яамнаас хорих ангид хүмүүжиж байгаа иргэдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, соён гэгээрүүлэх, сэтгэл санааг дэмжих, оюун ухааны мэдлэгийг хөгжүүлэх зорилгоор ГХЯ-ны дэмжлэгтэйгээр “Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан”-гийн санхүүжилтээр худалдаж авсан Монголын түүх, уран зохиол, нийгэм, хувь хүний хөгжилтэй холбоотой сэдэв бүхий 60 гаруй номыг хүлээлгэн өгч, номын сангийн тохижуулалт, үйл ажиллагаатай танилцсан байна.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам