УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы “Болдтөмөр ерөө гол” ХХК Сэлэнгэ аймгийн Ерөө суманд стратегийн ач холбогдол бүхий төмрийн хүдрийн орд газрыг эзэмшдэг. Мөн тус компани нь Монголын баялгийг Хятад руу зөөж, маш их хэмжээний ашиг олдог гэдэг. Энэ ч утгаараа УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, “би оффшор дансаараа нэг тэрбум доллар оруулаад гаргасан” гэж мэдэгдэж байлаа.
Тэгвэл “Болдтөмөр ерөө гол” ХХК-иас Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН рүү илгээсэн албан тоот нь олны шүүмжлэлд өртөөд байна.
Учир нь тус албан тоотод, “Зүүнбаян-Ханги” чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг манай компани /Болдтөмөр ерөө гол/ хариуцан ажиллаж байна. Гэтэл УБТЗ ХНН нь БНХАУ-ын Хөх хотын төмөр зам, Эрээн өртөө рүү хоногт дамжуулж байгаа галт тэрэгний тоо бага байгаа тул манай компанийн ачааг түлхүү гаргаж Засгийн газраас хэрэгжүүлж байгаа экспортын гарцыг нэмэгдүүлэхэд нэн шаардлагатай байгаа ажлыг дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ.
Мөн тус албан бичигт, “УБТЗ ХНН-ээс Эрээн өртөө рүү дамжуулж байгаа галт тэрэгэнд Бор-Өндөр өртөөнөөс хувийн төмрийн хүдрийн баяжуулах, зуучуудын ачааг түлхүү гаргах, тэдгээрийн вагон эргэлтийг бусдаас хурдан буюу давуу байдлаар гаргаж байгаа талаар Эрээн өртөөний ачаа хүлээн авагч нараас гомдол байнга ирэх болсон бөгөөд үүнтэй холбоотой судалгаа, мэдээлэл хүртэл бидэнд ирүүлээд байгаа нь Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх бодлого, зорилттой зөрчилдөж, салбараас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь доод шатанд хэрэгжихгүй байна. Иймд арга хэмжээ авч ажиллахыг хүсье. Энэ асуудал шийдэгдэхгүй бол манай компанийн зүгээс Засгийн газарт 14 хоног тутамт мэдээлэл өгдөг хуваарьт уулзалт дээр уг асуудлыг гаргаж тавина” гэжээ.
Сонирхуулахад, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын нээлт гуравдугаар сар /2022.03.11/-д болж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон. Тэрээр энэ үеэрээ “төмөр замын сэргэлтийн бодлого”-ын хүрээнд гэж тус бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байна хэмээн мэдэгдэж байсан. Гэтэл “Болдтөмөр ерөө гол” ХХК-ийн албан тоотоос харвал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улсаас хийж байгаа бүтээн байгуулалт биш, харин “Болдтөмөр ерөө гол” ХХК-ийн Хятад руу төмрийн хүдэр зөөх гэсэн төмөр замын ажлыг ийнхүү сүр дуулиантай хийсэн байж магадгүй байна.