Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт холбогдох сахилгын хэргийг 2022 оны зургадугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэхээр товлосон боловч шүүгч Х.Идэр шүүх хуралдаан давхацсан шалтгаанаар хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, хуралдааныг хойшлууллаа.
Монгол Улсын шүүхийн тухай хуульд Сахилгын хорооны хяналтын тогтоолыг хүчингүй болгуулахаар сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцлийг Улсын дээд шүүхэд гаргаж болохоор шинээр зохицуулсан бөгөөд Дээд шүүхийн таван шүүгч танхим харгалзахгүйгээр сахилгын хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцохоор заажээ.
Гэвч уг хуульд Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдааныг явуулах дэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тодорхой зохицуулаагүй байх тул энэ асуудлаар шүүх бүрэлдэхүүн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд санал оруулах аж.