Гавьяат тамирчин Э.Цэндбаатар болон Холимог тулаанч Э.Шинэчагтага нар 70 кг жинд, 600 сая төгрөгийн бооцоотой мэргэжлийн боксын төрлөөр тулалдах гэж байгаа талаар энэ сарын 08 /2022.06.08/-ны өдөр хэвлэлийн хурал хийх үеэрээ хоорондоо маргалдаж, бие бие рүүгээ ус цацаж, савтай ундаа шидсэн үйлдэл гаргасан.
Тэдний энэ үйлдэл Зөрчлийн тухай хуулийн 5.2 болон 5.3 дугаар зүйлд заасан зөрчлийн шинжтэй байх тул Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл дээрх зөрчил маргааныг цагдаагийн байгууллага шалгаад, Э.Цэндбаатар, Э.Шинэчагтага нарыг Зөрчлийн тухай хуулийн 5.9.1-д заасны дагуу тус бүрийг нь 100 мянган төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.
Зөрчлийн тухай хуулийн 5.9.1-д, “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү.