Жилийн дотор орлого нь тэрбум давсан ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн хамаарал бүхий хүмүүсийг шалгаж байна

Жилийн дотор орлого нь тэрбум давсан ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн хамаарал бүхий хүмүүсийг шалгаж байна

Эрүүгийн цагдаагийн алба /ЭЦА/, АТГ-аас Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ны дарга Б.Батдаваагийн гэрт нэгжлэг хийхэд их хэмжээний доллар илэрсэн талаар зарим эх сурвалжууд мэдээлж байна.

-Б.БАТДАВААГИЙН ГЭРТ НЭГЖЛЭГ ХИЙХЭД 250 МЯНГАН АМ.ДОЛЛАР ОЛДСОН БАЙНА-

Тодруулбал, энэ сарын 09 /2022.06.09/-ний өдөр ЭЦА, АТГ хамтран Гаалийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнуудыг БНХАУ руу нүүрс тээвэрлэх үйл ажиллагаанд эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ.ЭЦА-нд ирсэн мэдээллээр 1000 тонн нүүрс буюу 10 вагон нүүрс бүртгэхгүйгээр Гашуунсухайт боомтоор давуусан. Уг хэрэгт Гашуунсухайт боомтын гаалийн байцаагч Э,хилийн цэргийн хоёр офицер, цагдаагийн алба хаагч З нар оролцсон байж болзошгүй байгаа аж.

Энэ хэрэгт холбогдуулан ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн гэрт нэгжлэг хийхэд 250 мянган ам.доллар олдсон байна.

Түүний эхнэр Ц.Амгалан нь нүүрс тээвэрт холбогдох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “И-Коммодитс Монголиа Интеллижент Ложистикс” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар 2016 оноос ажиллаж эхэлсэн байдаг. Тэрээр 2019 онд Монголбанкны газрын захирлаар ажиллаж байхдаа 144.8 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байжээ. Харин ҮСХ-ны дарга болсны дараа энэ дүн 264,9 сая болж, бараг хоёр дахин нэмэгдсэн нь ЭЦА-ны анхаарлыг татжээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 2019 онд 984.9 сая төгрөг байсан бол 2020 онд 1,5 тэрбум болж өссөн тухай баримт байгаа юм. Одоогоор ҮСХ-ны дарга Б.Батдавааг цагдан хориогүй харин түүний хамаарал бүхий этгээдүүдийг нь шалгаж байгаа ажээ.

-Б.БАТДАВАА ГЭЖ ХЭН БЭ-

Б.Батдаваа нь 1984 онд төрсөн. 2007-2012 онд Монголбанкны төлбөр тооцоо, бүртгэлийн газар, Валют, эдийн засгийн газарт нягтлан бодогч, эдийн засагч, нөөцийн мэргэжилтэн, дилер, ахлах мэргэжилтэн, ахлах дилер, 2013-2016 онд Төлбөрийн тэнцлийн статистикийн судалгааны хэлтсийн захирал, 2016-2019 онд Гадаад валютын нөөцийн удирдлагын хэлтсийн захирлаар ажиллаж байжээ. 2021 онд УИХ-ын дарга Г.Занданшатар Б.Батдавааг Үндэсний статистикийн хорооны даргаар томилох тухай танилцуулж, тус хорооны даргаар томилж байжээ.