Монголоос ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу хууль бусаар цэцэг оруулахыг завдсан иргэдийг саатуулсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Тодруулбал, Буриад улсын Наушки дахь шалган нэвтрүүлэх боомтын гаалийн ажилчид өчигдөр/2022.06.15/ хяналт, шалгалт хийж байх явцдаа Улаанбаатар-Эрхүү чиглэлийн галт тэргээр зорчиж байсан иргэд гар тээшиндээ дөрвөн ширхэг цэцэг авч явж байсныг илрүүлсэн байна. Ургамлууд нь бүгд эрүүл ахуйн гэрчилгээгүй байжээ. ОХУ-ын хуулиар цэцэг нь ургамлын хорио цээрийн өндөр эрсдэлтэй бүтээгдэхүүнд ордог бөгөөд бичил биетүүд тархах аюултай гэж үздэг.
Тиймээс тус иргэдийг ОХУ-д зохих бичиг баримтгүйгээр импортолж, "Ургамлын хорио цээрийн тухай" Холбооны хуулийн 22 дугаар зүйлийн 6, 7 дахь хэсгийг зөрчсөн гэж үзжээ. Улмаар Захиргааны зөрчлийн тухай хуулийн "Хорио цээрийн дэглэмтэй бүтээгдэхүүн импортлох, экспортлох журмыг” зөрчсөн үндэслэлээр захиргааны зөрчлийн хоёр хэрэг үүсгэсэн байна.
Энэ сарын эхээр Монголоос Буриад руу жимсний суулгац, зүлэгний үр, хүнсний ногооны суулгац зэргийг хууль бусаар экспортлохыг завдсан хэрэг мөн гарсан. Хиагт дахь шалган нэвтрүүлэх боомтын ажилчид тус зөрчлийг илрүүлж, зөрчил гаргасан хүмүүст торгуулийн арга хэмжээ авсан байдаг.
Эх сурвалж: Mkru