Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ЕБС-ийн 12-р ангийн сурагч охины амь насыг хохироосон хэрэг өнгөрсөн оны аравдугаар сард гарсан билээ. Тэгвэл тус хэрэгт холбоотой байж болзошгүй хүмүүст хариуцлага хүлээлгээгүй хэргийг хаасан байна.
Үүнтэй холбоотойгоор талийгаач охины аав Г.Өлзийт Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт хандаж гомдол гаргаж байгаа талаараа мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Талийгаач охины миний хэргийг хаачихсан. Үүнтэй холбоотойгоор бид аймгийн прокурорт гомдол гаргасан ч бидний гомдлыг хүлээж авахаас татгалзсан. Тиймээс Улсын ерөнхий прокурорт хандаж байна. Би охиныхоо амиа алдсан хэргийн үнэн мөнийг тогтоохын төлөө явж байна. Талийгаач залуугийн үеэл дүү нь миний охиныг галын хаалгаар тэр залууд гаргаж өгсөн гэсэн. Галын хаалга гэдэг нь дотуур байранд байдаг юм билээ. Тэр үед н.Банзрагч гэдэг хүн байсан гэсэн. Дотуур байр хариуцсан хүн нь тэр талийгаач залуутай ураг төрлийн холбоотой. Хэрэг долоон сар сунжирч байна. аргаа бараад УЕП-т хандаж байна. Тэр 23 настай, талийгаач залуутай миний охин үерхэж байгаагүй. Нэг удаа л манайд орж ирж байгаагүй. Үерхдэг байсан гэх зүйл надад лав мэдэгдээгүй" гэдгийг онцоллоо.
Мөн хохирогч охины аавын үзэж буйгаар гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлсэн гэмт хэргийн шинжийг агуулсан этгээдүүдийг шалгалгүй зөвхөн нас барсан охинтой нь холбон мөрдлөг явуулсан нь шударга бус гэж үзэж байгаа аж. Тухайлбал, галт зэвсэг худалдах тусгай зөвшөөрөлгүй атал сум худалдсан этгээд, мөн албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан сургуулийн захирал бусад холбогдох албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага тооцоогүйхгүй хэргийг хаасанд гомдолтой байна гэдгээ хэллээ.
Ц.Хүслэн