Авилгатай тэмцэх газраас өнгөрөгч 10 дугаар сард /2021.10/ АТҮТ-ийн Цогтцэций сумын салбарын дарга С.Давааням болон Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн захирагч В.Хундгаа нарыг албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, хахууль авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон хэмээн саатуулж байв.
Тодруулбал, АТҮТ-ийн Цогтцэций сумын салбарын дарга С.Давааням болон Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн захирагч В.Хундгаа нарыг зөрчилтэй том тээврийн машинуудын үзлэг оношлогоог хахууль авч бүртгэлийн санд байршуулсан. Мөн тээврийн бөмбөлөгт дур мэдэн дараалал дайруулдаг байсан зэрэг зөрчлүүд илэрсэн гэх асуудлаар АТГ-аас шалгаж, саатуулж байсан юм. Гэвч эл асуудал тэгэсхийгээд намжсан. Тэгвэл сүр дуулиантайгаар саатуулж байсан дээрх эрхмүүдийн "ХЭРЭГ" хаагдаж, улмаар албан тушаал сэлгэжээ.
Тодруулбал, хахуулын хэрэгт нэр холбогдоод байсан АТҮТ-ийн Цогтцэций сумын салбарын дарга асан С.Даваанямыг Баянзүрх дүүргийн Автотээврийн менежерээр томилжээ.
Угтаа авилга албан тушаалын хэрэгт нэр холбогдож, тэр ч байтугай саатуулагдах хэмжээнд байсан эрхэм хариуцлага хүлээх учиртай байлтай. Гэтэл бууриа сэлгэж, өөр албан тушаалд томилогдсон нь түүнийг нэлээд том "ар"-тайг илтгэж байх шиг. С.Давааням нь Авто тээврийн үндэсний төвийн дарга Б.Гүрсоронзон нар Говь-Алтай аймгийнх буюу нэг нутгийнх гэдгээрээ ойр дотно байдаг. Мөн С.Давааням нь Өмнөговь дахь нүүрс тээврийн асуудлыг зохицуулж байсан Авто тээврийн үндэсний төвийн дарга Б.Гүрсоронзонгийн гол хүн нь байсан учир түүнийг ийнхүү авч үлдсэн гэх хардлага ч байгаа юм. Нөгөөтээгүүр АТГ дээрх асуудлаар сүрийг үзүүлж, гэмгүй хүмүүсийг саатуулан шалгасан уу, эсвэл үнэхээр тэд буруугаа нууж чадсан уу гэх асуулт хариултгүй үлдэж байна.