ВИДЕО: Сүүлийн найман цагийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 655 жолоочийг илрүүлжээ

ВИДЕО: Сүүлийн найман цагийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 655 жолоочийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагаас өчигдөр /2022.06.10/ 22:00 цагаас өнөөдөр /2022.06.11/ өглөөний 06 цагийн хугацаанд “Зөвийг хэвшүүлье” уриатайгаар “Уусан бол бүү жолоод” шөнийн хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулжээ. 

ВИДЕО: 

Тус арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын 2000 гаруй алба хаагчид 800 гаруй хяналтын цэгт шалгалтыг явуулсан байна. Хяналт шалгалтын хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нийслэлд 366, орон нутагт 289 нийт 655 жолоочийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хөдөлгөөнд оролцож явсан зөрчил нийслэлд 63, орон нутагт 176 нийт 239 зөрчил, цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах /АСАП/ санд бүртгэлтэй эрэн сурвалжлагдаж байгаа 6 иргэн, эд зүйлс 9, тээврийн хэрэгсэл 3 тус тус илрүүлжээ.

Зөвхөн энэ оны эхний 5 сар /2022.05/-ын байдлаар Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 22095 зөрчлийг илрүүлсэн бол улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочоос шалтгаалсан 541 зам тээврийн осол бүртгэгдэж 43 хүний амь нас хохирсноос Нийслэлд 7, орон нутагт 36 хүний амь нас хохирсон байна. Зам тээврийн ослын улмаас эхний 5 сарын хугацаанд улсын хэмжээнд 195 хүн нас барсны  43 буюу 22 хувь нь согтуу жолоочийн буруутай үйлдлээс болж амь насаа алдсан байна. Хөдөлгөөнд оролцогч та дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийн өөрийн болон бусдын амь нас эрүүл мэнд, эд материалд хохирол учруулж болзошгүй эрсдэл өдөр тутамд байгааг ухамсарлаж өөрөө үлгэрлэн хэн нэгний буруу үйлдлийг таслан зогсооход таны оролцоо, хамтын ажиллагаа чухал байгааг анхаарна уу. 

Эх сурвалж: Тээврийн Цагдаагийн алба