"Цагдаагийн байгууллагын биесээ өмгөөлсөн тайлбар"-ыг сэтгүүлчид мэдээллэхээс татгалзлаа

"Цагдаагийн байгууллагын биесээ өмгөөлсөн тайлбар"-ыг сэтгүүлчид мэдээллэхээс татгалзлаа

Богдхан уулын Дугуй цагаан руу явах зам баригдсан шавар гэрүүдийг нураасан талаарх сурвалжилга бэлтгэж байсан сэтгүүлч, зураглаачийн биед цагдаагийн алба хаагчид халдсан хэрэг гарсан. Тодруулбал, Цагдаагийн алба хаагчид Парламентын сэтгүүлчийн камер, микрофон, гар утас зэрэг эд зүйлсийг хураан авч, хүч хэрэглэн, зургаан цаг гаруй саатуулсан байгаа юм. 

Энэ тухай Парламентын сэтгүүлч Г.Гэрэлмаа Цагдаагийн ерөнхий газраас үүдэнд мэдэгдэл хийлээ.

Сэтгүүлч Г.Гэрэлмаа. 2022.06.10

-ЯАГААД БАРИВЧИЛЖ БАЙГАА ТАЛААР АСУУХАД СОГТУУГААРАА БИЧЛЭГ ХИЙСЭН ГЭСЭН. ЦАГДААГИЙН ГАЗАР ДЭЭР ОЧООД ҮЛЭЭЛГЭХЭД 0 ГРАДУСТАЙ ГАРСАН-

Тэрбээр хэлэхдээ, “Өчигдөр орой цагдаагийн байгууллагат байхдаа хэнтэй ч холбогдож чадахгүй хүнд байдалд орсон. Намайг Зайсангаас баривчилж цагдаагийн газарт хүргэсэн. Миний хувьд ажлаа хийхээр шууд дамжуулалт хийж явсан. Камер, модем зэргийг хоорондоо шидэлцэж эвдсэн. Яагаад баривчилж байгаа талаар асуухад. Согтуугаараа бичлэг хийсэн гэсэн. Цагдаагийн газар дээр очоод үлээлгэхэд 0 градустай гарсан. Баримт нь надад байгаа. Фургонд суулгах гэхэд нь би эсэргүүцэж байсан. Нэг мэдэхэд фургоны шалан дээр хацраараа хэвтэж дээрээс хэд хэдэн цагдаа гишгэчихсэн хоорондоо шоронд нь хатаачихмаар сэтгүүлчид олон байна аа гэж инээлдэцгээж байсан” гэлээ. Үүний дараа Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтэст аваачиж зургаан цагийн турш холбоо барих ямар ч хэрэгсэлгүй бүх төхөөрөмж утсыг минь авч баримтыг устгасан. Надаас ямар ч мэдүүлэг аваагүй. Өмгөөлөгч авмаар байна гэхэд хариу хэлээгүй. Би өөрөө мэдүүлэг өгч гомдол гаргая гэхэд надад “Чи гомдол гаргаж яг яах гээд байгаа юм гэсэн" гэлээ.

-ЦАГДАА НАР КАМЕРЫН ӨМНӨ ҮНЭНЧ ШУДРАГ ХҮН ШИГ БАЙДАГ. КАМЕРЫН ЦААНА ҮНЭХЭЭР ХАРГИС ЮМ БАЙНА ЛЭЭ-

Мөн сэтгүүлч Г.Гэрэлмаа, "Намайг ямар ч хүнгүй газар аваачаад биед халдсан би хүн байгаасай намайг сонсоосой гэж хүссэн болов ч ойр хавьд хэн ч байгаагүй. Цагдаа нар камерын өмнө үнэнч шударга хүн шиг байдаг. Камерын цаана үнэхээр харгис юм байна лээ” гэж хэлээд уйлсан юм.  

Парламент сайтын сэтгүүлч Г.Гэрэлмаа 2022.06.09

-БИД ЭНЭ УДААГИЙН ЖИШЭЭ НЬ ДЭЭР ӨМНӨХ ҮЙЛДЛҮҮДИЙГ СӨХӨЖ ОЛОН УЛСАД ХАНДАНА-

Сэтгүүлчдийн нэгдсэн холбооны төлөөллүүд, “Энэ мэт сэтгүүлчийн биед халдах үйлдэл 2,3 дахь удаагаа давтагдаж байгаа. Өмнөх хэрэг дээр баримттай шууд бичлэг байсаар байхад эвлүүлсэн байна гэдэг тайлбар тавьж, сэтгүүлч цагдааг зодсон болоод дууссан. Монгол Улсад одоогийн байдлаар шууд бичлэгийн үеэр эвлүүлэг хийдэг төхөөрөмж нэвтрээгүй. Бид энэ удаагийн жишээ нь дээр өмнөх үйлдлүүдийг сөхөж олон улсад хандана" гэсэн юм.

ВИДЕО: 

Сэтгүүчийн биед халдав 2021.05.06

-ХЭРЭВ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ЭРХЭЭ ЭДЭЛЖ ЧАДАХАА БАЙХ ЮМ БОЛ ЦААШИД ӨӨР ЯМАР Ч ЭРХ ҮЛДЭХГҮЙ-

Мөн сэтгүүлч Ч.Лодойсамбуу, “Аль ч орны цагдаа, сэтгүүлч хоёр адил эрхтэй байдаг. Тэгж байж шударга ёсны дархлаа бүрдэж байдаг. Хэрэв хэвлэл мэдээлэл эрхээ эдэлж чадахаа байх юм бол цаашид өөр ямар ч эрх үлдэхгүй. Онцгой эрхтэй, олон улсын зарчимтай хэвлэл мэдээллийн байгууллага ажиллаж чадахгүй бол энэ улс, оронд шударга ёс гэж үгүй болно. Хэвлэл мэдээллийн салбарын үйл ажиллагаанд бүдүүлгээр халдаж, биед нь халдсан үйлдэл хоёр дахь нь боллоо.

Х.Нямбаатар гишүүний хувьд цагдаагийн үйл ажиллагаанд шууд нөлөөлөх эрхгүй ч энэ асуудлыг УИХ-аар уг асуудлыг хэлэлцэх боломжтой.

Гурав дахь удаагийн үйлдэл болж байна. бид энэ удаа асуудлаа зөвөөр шийдвэрлүүлэхгүй бол дахиад л өмнөх шигээ сэтгүүлч буруутан болж үлдэнэ” гэв. Мөн энэ үеэр цагдаагийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгчид тайлбар хийхээр гарч ирсэн ч сэтгүүлчид энэ удаа тэдний биеэ өмөөрсөн тайлбарыг мэдээллэхгүй гэсэн шийдвэр гаргасан юм.  

Дахин сануулахад,

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлд,

  • Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй.
  • Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй хэмээн тус тус заасан байдаг билээ.