"Дотоод хяналт шалгалтаар сэтгүүлчийн биед халдсан нөхцөл байдал тогтоогдвол Эрүүгийн хэрэг үүсгэнэ" гэлээ

"Дотоод хяналт шалгалтаар сэтгүүлчийн биед халдсан нөхцөл байдал тогтоогдвол Эрүүгийн хэрэг үүсгэнэ" гэлээ

Богдхан уулсын Дугуй цагаан руу явах замд баригдсан шавар гэрүүдийг нураасан тухай  сурвалжилгыг бэлтгэж байсан сэтгүүлч, зураглаачийн биед цагдаагийн алба хаагчид халдаж, улмаар зургаан цаг гаруй саатуулсан асуудал олны анхаарлыг татаад байгаа билээ. 

Тэгвэл эл асуудалд ЦЕГ-ын   Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү тайлбар мэдээлэл хийлээ. Тэрбээр "НЗДТГ-ын захирамжийн хүрээнд дэмжлэг үзүүлэх, хэв журмыг хангуулах чиглэлд цагдаагийн байгууллага ажилласан. Цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн, согтуурсан үйлдэл байсан. Мөн цагдаагийн алба хаагчийн амь насанд халдахар машинаараа түрсэн асуудал хүртэл үүссэн. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа.

Цагдаагийн алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж байхдаа Парламент телевизийн сэтгүүлчийн биед халдсан байж болзошгүй мэдээлэл цацагдсан. Энэ асуудалд өчигдрөөс эхлэн цагдаагийн байгууллагаас холбогдох үүрэг даалгаварыг өгч, сэтгүүлчийн бие гэмтэл учруулсан байж болзошгүй гэх гомдол мэдээллийг бүртгэж шалгалтын ажиллагааг хийж байгаа. Сэтгүүлчээс тайлбар мэдүүлэг авсан. Гэмтлийн зэргийг тогтооно.

Сэтгүүлчийн эрх чөлөөнд халдсан асуудалд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалтаас шалгалт хийхээр шийдвэрлэсэн. Цагдаагийн алба хаагчдын энгэрийн камерийн бичлэг байгаа. Сэтгүүлчийн гомдолтой холбоотой асуудлыг тус дүүргийн мөрдөн байцаах албанд шалгаж байгаа. Гэм буруугийн асуудлыг ярихад эрт байна. Хэвлэл мэдээллийн ажилтныг дотогш оруулахгүй байх мэдээлэл, чиглэл авсан зүйл байхгүй. Дотоод хяналт шалгалтаар сэтгүүлчийн биед халдсан нөхцөл байдал тогтоогдвол Эрүүгийн хэрэг бүртгэлт үүсээд явна. Харин зөрчлийн шинжтэй байвал цагдаагийн байгууллагаас шалгана" гэв.