Н.Түвшинбаяр: Найзынхаа амь насанд хүрнэ гэж хэзээ ч бодож байгаагүй. Бүх хүмүүсээс уучлалт гуйж байна

2022-06-09 14:15

Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ял оноолоо

Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүх анхан шатны хурал хоёр дахь өдрөө үргэлжилж шийдвэрээ гаргалаа. Улсын яллагч Б.Хурц Н.Түвшинбаярт 19 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх санал гаргасан. Тодруулбал тэрбээр "Прокурорын зүгээс 19 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх санал гаргаж байгаа. 19 жилийн хугацаагаар хорих ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагын зорилго, хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учирсан хохирол, хувийн байдал зэрэгт прокурорын зүгээс нийцэж байна гэж үзэж байгаа. Баримтын хүрээнд хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал байхгүй. Тиймээс анхны дүгнэлт дэх саналыг дэмжиж байна" гэсэн. 

Тэгвэл шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж улсын яллагчийн саналыг хүлээн авч шүүгдэгч Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ял оноолоо. 

Шүүгч энэ үеэр хэлэхдээ "Н.Түвшинбаяр нь амь хохирогчийн эмчилгээ, оршуулга болон бусад зардалд хууль ёсны төлөөлөгч Нандинцэцэгт 2.7 төгрөгийг төлсөн. Энэ шийдэх тогтоолоор шүүгдэгч Н.Түвшинбаяр нь бусдад төлөх төлбөргүй болно. Нандинцэцэг нь бусад зардлыг нотлох баримтаар баталгаажуулж Иргэний хуулиар шүүхээр гаргуулж авах эрхтэй" гэлээ. 

ҮЗЭХ:

2022-06-09 13:32

Н.Түвшинбаярт 19 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх саналыг Улсын яллагч Б.Хурц гаргав

Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа билээ. Тэгвэл улсын яллагч Б.Хурц Н.Түвшинбаярт 19 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх санал гаргав. Тодруулбал тэрбээр "Прокурорын зүгээс 19 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх санал гаргаж байгаа. 19 жилийн хугацаагаар хорих ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагын зорилго, хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учирсан хохирол, хувийн байдал зэрэгт прокурорын зүгээс нийцэж байна гэж үзэж байгаа. Баримтын хүрээнд хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал байхгүй. Тиймээс анхны дүгнэлт дэх саналыг дэмжиж байна" гэв.  Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж, эцсийн шийдвэрийг гаргах юм. 

2022-06-09 11:55

ШУУРХАЙ: Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж эхэллээ

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж, шүүх хурал дөнгөж сая завсарлалаа.

Тодруулбал, шүүх нотлох баримтыг шинжлэн судалж, шүүгдэгч болон иргэдийн төлөөлөл үгээ хэлснээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөх танхимд орж, гэм буруугийн шүүх хуралдаан завсарлалаа.

2022-06-09 11:49

Н.Түвшинбаяр: Найзынхаа амь насанд хүрнэ гэж хэзээ ч бодож байгаагүй. Бүх хүмүүсээс уучлалт гуйж байна

Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэрбээр шүүх бүрэлдэхүүнд хандаж үг хэлж байна. Шүүгдэгч Н.Түвшинбаяр "Уучлал гуйж байна. Талийгаач миний хамгийн сайн найз байсан. Миний амжилт бүхэнд миний найз салшгүй холбоотой явсан. Найзынхаа амь насанд хүрнэ гэж огт бодож байгаагүй. Албан ёсоор уучлал хүсэж байна. Найзынхаа гэр бүлд насан туршдаа тусалж дэмжиж явах болно" гэлээ. Мөн тэрбээр "Гэм буруугаа ойлгож байна. Тиймээс миний өмгөөлөгчийн саналыг хүлээж авч, хэргийг шийдэж өгөөч" гэв. 

2022-06-09 11:25

"Талийгаач Э.Энхбат БНСУ-д хоёр тэрбум 500 сая төгрөгөөр эмчлүүлсэн" гэв

Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Шүүх хурлын үеэр амь хохирогч Э.Энхбат нь БНСУ-д хоёр тэрбум 500 сая төгрөгөөр эмчлүүлсэн гэдгийг хохирогчийн өмгөөлөгч хэлж, тэрхүү мөнгийг Н.Түвшинбаярын талаас эмнэлгийн данс руу хийсэн. Түүнээс талийгаачийн ар гэрт өгсөн зүйл байхгүй" гэдгийг тодотголоо. 

2022-06-09 10:53

Н.Түвшинбаярын өмгөөлөгч: Миний үйлчлүүлэгч цаашид ч хохирол барагдуулахад санаачлагатай хандах болно

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Шүүх хуралдааны үеэр Н.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Данзанноров "Миний үйлчлүүлэгч амь хохирогчийн амь насанд нь санаатай халдах зорилго байгаагүй. Амь хохирогч Э.Энхбат, Н.Түвшинбаяр нар нь ямар нэгэн өс хонзонгүй учраас түүнийг санаатайгаар алаагүй. Хэрэгт нотлох баримтад зарим баримт авагдаагүй. Гэмтэл тоолоод түүгээрээ онц хэрцгийгээр гэж зүйлчилж байгаатай санал нийлэхгүй байна. Зодоон удаан үргэлжлээгүй.  Харилцан ноцолдож, зодолдсон бөгөөд гаднаас хүн орж ирэх үед зодоон үргэлжлээгүй. Энэ нь санаатай алахыг завдаагүй гэдгийг нотолж байна. Хэрэгт холбоотой шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй гарсан.

Талийгаачийн 7 сар эмчлүүлсэн эмнэлгийн эмнэлзүйн гол баримт байхгүй байхад шинжээч нар сүүлд эмчлүүлж байсан эмчийн хоёр хуудас магадлагаагаар дүгнэлт гаргасан.

Дүгнэлт гаргахдаа хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Мөн нэмэлт шинжилгээ хийлгэх тогтоол гараагүй байхад өмнөх шинжилгээ хийсэн эмч бүрэлдэхүүнд орсон нь хууль бус. Бид энэ талаар гомдол гаргаж байсан. Миний үйлчлүүлэгч цаашид ч хохирол барагдуулахад санаачлагатай хандах болно. Тиймээс Н.Түвшинбаярт зүйлчилсэн зүйлчлэлийг өөрчилж, хөнгөрүүлж өгөөч гэдэг саналтай байна" гэлээ.

2022-06-09 10:29

Н.Түвшинбаярын тал 160 мянган ам.доллароор үнэлсэн 6 м.кв хоёр үл хөдлөх хөрөнгийг өгөхөө мэдэгдсэн. Энэ нь талийгаачийг орлохгүй

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хохирогчийн өмгөөлөгч Н.Түвшинбаярын гэр бүлийн хүний нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгийг хохирогчийн ар гэр буюу Б.Нандинцэцэгийн нэр дээр шилжүүлж өгөхийг шүүхээс хүслээ. Мөн өмгөөлөгч "Н.Түвшинбаярын талаас 160 мянган ам.доллароор үнэлсэн 6 м.кв хоёр үл хөдлөх хөрөнгийг өгнө гэдгээ мэдэгдсэн. Гэсэн ч энэ нь талийгаачийг орлоно гэж байхгүй учраас эл асуудлыг шүүгчид анхаарч үзнэ гэж найдаж байна" гэлээ.   

2022-06-09 10:16

Хохирогчийн өмгөөлөгч: Н.Түвшинбаяр Э.Энхбатыг санаатай алсан нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна /LIVE/

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хурал яг одоо нотлох баримтыг шинжлэн судлаж байгаа юм. Хохирогчийн өмгөөлөгч "Н.Түвшинбаяр Э.Энхбатыг санаатай алсан нь гэрчүүдийн мэдүүлэг, зэргээр нотлогдож байна. Хэрэг гарсан өдөр Н.Түвшинбаяр амь хохирогчийг удаа дараа цохиж, гэмт хэрэг үйлдэхэд зэвсэг хэрэгсэл хэрэглэсэн нь нэр бүхий гэрчийн мэдүүлгээс харж болно. Хохирогч 21 тооны шарх авсан байсан. Н.Түвшинбаяр нь үл ялих зүйлээр шалтаглан амь хохирогчийн амь насанд халдсан. Тиймээс улсын яллагчийн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй гэж үзэж байна. " гэлээ. 

2022-06-09 09:58

LIVE: Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг.