Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэрэг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаярт хуваарилагдсан. Тус шүүх хурлын тов гарчээ.
Тодруулбал, Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүр хурал тавдугаар сарын 12-ны өдөр /2022.05.12/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Тус хуралдаанаар даргалагч шүүгч татгалзан гарах хүсэлтийг гаргаж, бүрэлдэхүүний шүүгчид хянан хэлэлцээд татгалзлыг хүлээн авах үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн.
Тиймээс хэргийг дахин хуваарилалтад оруулж Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаярыг томилон хуралдааны товыг дахин тогтохоор болсон. Шүүх хурал энэ сарын 8-ны өдөр /2022.06.08/ 09:00 цагаас болно.
Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн гэх хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж явуулах юм.