МХЕГ-ын хяналтын газрын дарга н.Балжиннямыг ажлаас нь чөлөөлөх асуудал яригдаж байна

МХЕГ-ын хяналтын газрын дарга н.Балжиннямыг ажлаас нь чөлөөлөх асуудал яригдаж байна

Улаанбаатар хотын “Эмээлт” зах орчимд үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын иргэдийн оролцоотой мах боловсруулах үйлдвэрүүд “муудсан мах”-ыг бэлтгэж, хүнсэнд нийлүүлж байж болзошгүй хэмээн зарим иргэд байр сууриа илэрхийлж байгаа. Мөн зарим нь “Дулааны аргаар боловсруулсан махыг хоёр жил экспортод гаргаж чадаагүй тул муудсан” байж магадгүй гэж байгаа юм.

Харин зургадугаар сарын 01-ны өдөр зарим мэдээллийн хэрэгсэл дээрх асуудлаар “Эмээлт” захаас мэдээлэл бэлтгэх үеэр, МХЕГ-ын Хүнс хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга н.Балжинням “муудсан гэх махыг чанаж өөрөө идэж, бусдад амтлуулж байгаа” бичлэг олон нийтэд хүрсэн. Иймд МХЕГ-ын дарга Б.Баасандорж, “МХЕГ-ын ажилтан мах чанасан. Уг асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа. Тухайн махыг хэрэглэх эсэхийг лабораторид шинжилсний дараа хэрэглэх ёстой. Чанасан нь эрсдэлтэй алхам. Холбогдох хариуцлагыг тооцно” гэж мэдэгдсэн.

Тэгвэл яг одоо /2022.06.03/-гийн байдлаар МХЕГ-ын Хүнс хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга н.Балжиннямд “мах чанаж идсэн” асуудалтай нь холбогдуулж, ямар нэг хариуцлага хүлээлгэх шийдвэр гараагүй байна. Харин н.Балжиннямыг ажлаас нь чөлөөлөх асуудал яригдаж байгаа бөгөөд МХЕГ-ын дарга Б.Баасандоржийн тушаал ирэх Даваа гараг /2022.06.06/-т гарч магадгүй байгаа аж.