Ардчилсан нам долоон хоног бүрийн Пүрэв гарагт 4/11 хэвлэлийн хурлаа хийдэг. Энэ удаагийн хуралд тус намын Нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр цаг үеийн асуудлаар мэдээллээ.
Тэрбээр “Ардчилсан намын гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгч буюу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнд үндэсний аюултай байдалтай холбоотой асуудлаар уулзах хүсэлт тавьсан. Энэ уулзалтыг цаг алдахгүй хийгээч ээ гэж хүсэж байна. Үндэсний аюулгүй байдлын нэг том чиглэл бол хүний эрхийн асуудал. Өнөөдөр хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангах, парламентыг ардчиллыг бэхжүүлэх гэдэг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын нэг том тулгуур багана. Харамсалтай нь, Засгийн газрын бодлого, УИХ, төрийн бодлого үүний дандаа эсрэг явж байна. Өнөөдөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг нэмэлт өөрчлөлт оруулаад УИХ-аар ирэх долоо хоногт хэлэлцэх эсэх нь шийдэгдэх гэж байна.
Энэ нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улсын хууль зүйн бодлого хүний эрхийг улам бүр нухчин дарах, хумих чиглэл рүү явж байна. Уг нь Ц.Нямдоржийн “шоронжсон” хуулиуд гэдэг хууль байсан.
Эрүүгийн хууль, эрүүгийн байцаан шийтгэх хууль гэх мэт. Энэ хуулиас Монгол Улс аажмаар салж байна гэж бодож байсан ч буцаад Х.Нямбаатараар дамжаад амилах гэж байна. Х.Нямбаатар сайд УИХ-ын гишүүн байхдаа арай эрүүл, саруул, аятайхан зүйл ярьдаг байсан. Харамсалтай нь өөрөө сайд болчхоод эсрэгээ яваад эхэллээ. Энэ хүн Ц.Нямдоржийн нэг шинэ дүр болж хувирах гэж байна. Ц.Нямдорж сайд аа. Х.Нямбаатар сайд аа. Та бүхэн өнөөдөр засгийн газарт ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бүтэхгүй хуулиа татаж ав. УИХ-аар ийм хүний эрхийг уландаа гишгэсэн хуулийг хэлэлцэж болохгүй. Өнөөдөр мөрдөгч, прокурорын зөвшөөрөлгүйгээр хүнээс мэдүүлэг, байцаалт авдаг үе рүү Монгол Улс буцах гэж байна. Шүүгчийн зөвшөөрөлгүй хүнийг албадаж ирүүлдэг үе рүү манай улс буцах гэж байна. Энэ бол аюул. Мөрдөн байцаах үйл ажиллагаа шүүх, прокурын хяналтад байх ёстой. Тиймээс хууль зүйн сайдыг хариуцлагатай хандаж хуулиа татаж ав гэж зөвлөж байна. Үгүй бол та Ц.Нямдоржийн шоронжсон хууль, Х.Нямдоржийн үеийн шоронжсон үе гэж бүхэл бүтэн үе явсан шиг Х.Нямбаатарын эрэн гэдэг үе эхэлнэ шүү” гэв.