ВИДЕО: "Нүүрээ далдалсан" хоёр этгээд иргэн Э.Одбаярын гэр рүү халдаад, зугтаж байгаа бичлэг ИЛ БОЛОВ

ВИДЕО: "Нүүрээ далдалсан" хоёр этгээд иргэн Э.Одбаярын гэр рүү халдаад, зугтаж байгаа бичлэг ИЛ БОЛОВ

Иргэн Э.Одбаяр нарын иргэд “Дайныг эсэргүүцэж” долоо хоног бүрийн Бямба гарагт манай улсад суугаа ОХУ-ын элчин сайдын яамны урд жагсаал хийж буй. Тэгвэл энэ сарын 25-ны шөнийн 03:00 цагт нүүрээ далдалсан хоёр этгээд иргэн Э.Одбаярын гэр рүү халдаж, чулуу шидээд зугтсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус хэрэг явдлын бичлэг олон нийтэд ил боллоо. 

ВИДЕО: 

Тодруулбал, тус этгээдүүд энэ сарын 25-ны шөнийн 02:59 цагт Э.Одбаярын гэрийн урд байх "Саад"-нд ирээд, 03:00 цагт дээрх хэргийг үйлдээд зугтаж байгаа нь бичлэгт үлджээ. Тус этгээдүүд нүүрээ далдалсан байгаа нь хэргийг эртнээс төлөвлөж, үйлдсэн байж болзошгүйг илтгэж байгаа ажээ. Харин тус хэрэг явдал болсон газарт Э.Одбаярын бага насны хүүхдүүд унтаж байжээ.

Цаашлаад энэхүү хэрэг явдал нь “Дайныг эсэргүүцсэн” Э.Одбаярын нарын жагсаалтай холбоотой байж болзошгүй талаар эх сурвалжууд мэдээлж байна. Учир нь бямба гараг бүрд болж байгаа жагсаалын үеэр зохион байгуулалттай байж болзошгүй иргэд жагсагчид дээр ирж, "Монгол бензингүй болно, энэ хүмүүсийг хөөж явуул" зэргээр маргаан гаргахыг оролддог байна. Мөн жагсаалд оролцсон иргэд рүү сүрдүүлэг дайралтууд мессэж болон бусад хэлбэрээр их ирэх болжээ.

Харин Монгол Улсын Үндсэн хуулийн 16.13-д “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заажээ. Иймд тус хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж.

Хэргийн газрын гэрэл зураг. 2022.05.25

Хэргийн газрын гэрэл зураг. 2022.05.25