СУРВАЛЖИЛГА: Чоно, тарваганы шагай, соёо зэргийг чимэглэж, худалдаалах нь хууль бус ан хийх шалтгаан болж байна

СУРВАЛЖИЛГА: Чоно, тарваганы шагай, соёо зэргийг чимэглэж, худалдаалах нь хууль бус ан хийх шалтгаан болж байна

Экологийн цагдаагийн албанаас “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээ эхлүүлжээ. Тодруулбал, тус арга хэмжээг хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг иргэд, олон нийтэд таниулах, экологийн боловсрол, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж, соён гэгээрүүлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа аж.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд хууль бусаар ангасан ан амьтны эд эрхтэн худалдаалдаг байж болзошгүй “Мөнгөн завъяа” худалдааны төв орчмын үнэт эдлэлийн дэлгүүрүүд болон хууль бус ан амьтны мах худалдаалж байж болзошгүй “Бөмбөгөр” худалдааны төв зэрэг газруудад хяналт шалгалт хийснийг бид сурвалжиллаа.

ВИДЕО: 

Ажлын хэсэгт багтсан Экологийн цагдаагийн албаны алба хаагчид “Мөнгөн завъяа” худалдааны төвөөр оров. Тус дэлгүүрийн зарим лангуун дээр хууль бусаар ангасан байж болзошгүй, гарал үүсэл нь тодорхойгүй чонын шагай, соёо, тарваганы шагай зэргийг мөнгөөр чимэглэж, худалдаалж байсан юм. Ингэхдээ чонын шагайг 80 мянга, соёог 65 мянга, тарваганы шагайг 60 мянган төгрөгөөр тус тус зарж байв. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийг зөрчиж байгаа гэдгийг Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн Экологийн шинжээч, мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Батчулуун сануулж, дахин эл төрлийн зүйл худалдаалахгүй байх, хэрэв худалдаалбал хуулийн дагуу арга хэмжээ авна гэдгийг анхаарууллаа.

Мөн тэрбээр чонын шагай, соёо, тарваганы шагай зэргийг энэ мэтээр чимэглэж, худалдан борлуулж байгаа нь эрэлт үүсгэж, иргэдэд худалдан авах сэдэл төрүүлдэг. Эргээд энэ нь хууль бус ан агнах шалтгаан болдог гэдгийг ч хэлж байсан юм.

Харин худалдаа эрхлэгчид “Бид ан амьтан агнаж, эд эрхтэнг нь зардаггүй. Харин үүнийг хийж, авчирч өгдөг хүмүүс тусдаа байдаг. Чонын шагай, соёо зэргийг худалдан борлуулж болохгүй гэдгийг сайн мэдэхгүй байсан. Мөн энэ нь иргэдэд сэдэл төрүүлж, хууль бус байдаг болохыг мэдсэн учраас дахин худалдаалахгүй” гэдгээ хэлж байв. /Хуулийн ЭНД ДАРЖ уншина уу /

Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйл. Амьтны тухай хууль зөрчих, “5.Агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Энэ зүйлийн 5 дахь хэсэгт зааснаас бусад амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг гарал үүслийн тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг байна.

-БӨМБӨГӨР ХУДАЛДААНЫ ТӨВД ГАРАЛ ҮҮСЭЛ НЬ ТОДОРХОЙГҮЙ ЗАГАС ХУДАЛДААЛЖ БАЙВ-

“Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний ажлын хэсэг үүний дараа “Алтжин Бөмбөгөр” худалдааны төвийг зорьсон юм. Тус худалдааны төвд гарал үүсэл нь тодорхойгүй, мөн хэзээ ангасан нь үл мэдэгдэх загас худалдаалж байсантай бид таарсан юм. Амьтны тухай хуульд заасны дагуу жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ны өдрийг хүртэл загас агнах, барихыг хориглодог.

Тиймээс өдгөө худалдаалж буй загаснууд нь үнэхээр хуульд заасан хугацаанд агнасан загас уу, эсвэл хориотой үед агнасан загас уу гэдгийг тогтоохын тулд зайлшгүй гарал үүслийн бичиг шаарддаг аж.

Гэтэл тус худалдааны төвд зарагдаж байгаа загаснууд нь ямар ч гарал үүслийн бичиггүй байсан учир албаныхан хууль сануулж, дахин эл төрлийн зөрчил гаргахгүй байхыг хатуу анхаарууллаа. Ажлын хэсэг энэ мэтээр зөрчил, дутагдал илрүүлсэн ч торгож, хураахыг урьтал болгосонгүй. Харин хууль тайлбарлаж, дахин эл төрлийн зөрчил гаргахгүй байх талаарх мэдээллийг худалдаа эрхлэгчид өгсөн юм.