ВИДЕО: “9, 12 давхар барилга барина” гэж иргэдийг хуурч байгаад, 16 давхар хоёр орон сууц барих төлөвлөгөөг “Асиан сити” ХХК батлуулсан байжээ

ВИДЕО: “9, 12 давхар барилга барина” гэж иргэдийг хуурч байгаад, 16 давхар хоёр орон сууц барих төлөвлөгөөг “Асиан сити” ХХК батлуулсан байжээ

Улаанбаатар хотыг бөөгнөрүүлж бус, тэлж хөгжүүлэх ёстой гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж, зөвлөсөөр байгаа. Энэ хүрээнд ч нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хотын төвд зургаан давхраас дээш өндөртэй барилга бариулахгүй гэдгээ хэлсэн. Гэтэл түүний эл үгийн чимээ намжиж амжаагүй байхад Улаанбаатар хотын төвд олон давхар барилга барих зөвшөөрөл олгогдсоор байна. Үүнд нийслэлийн ерөнхий архитектор гэх албан тушаалтантай ч холбоотой байж болзошгүй байгаа юм.

ВИДЕО: 

-“АСИАН СИТИ” КОМПАНИ “АРХИТЕКТУР ТӨЛӨВЛӨЛТИЙН ДААЛГАВАР”-АА ӨӨРЧЛҮҮЛЖ, 9, 12 ДАВХАР БАРИЛГЫН ЗӨВШӨӨРЛӨӨ 16 ДАВХАР БОЛГУУЛЖ ДӨНГӨЖЭЭ-

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг, олны мэддэгээр “Улаанбаатар их дэлгүүр"-ийн замын зүүн талд нэгэн өндөр барилга сүндэрлэж эхэлжээ. Тус барилга нь дахин төлөвлөлтийн хүрээнд, ашиглалтын шаардлага хангахгүй болсон “Дулааны-18”, “Худаг усны-36” нэртэй хуучин орон сууцнуудын суурин дээр баригдаж буй юм. Тухайн барилгуудын суурин дээр анх 9 болон 12 давхар хоёр барилга байхаар төлөвлөж, тендерийг нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарлаж, тухайн тендерт “Асиан сити” гэх компани шалгарсан байна. Гэвч барилга барихаар тендерт шалгарсан тус компани нь барилгын ажлаа хэдийнээ эхэлсэн ч, саяхан буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 4 /2022.04.04/-ны өдөр “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-аа өөрчлүүлж, 16 давхар болгосон зөвшөөрөл авсан байгаа юм.

-СҮХБААТАР ДҮҮРГИЙН ДӨРӨВДҮГЭЭР ХОРООНООС УИХ-Д СОНГОГДСОН Д.ЦОГТБААТАР, Ц.МӨНХЦЭЦЭГ, Ц.МӨНХ-ОРГИЛ НАР ТОЙРГЫН ИРГЭДЭЭ ҮЛ ТООЖЭЭ-

Энэ талаар тухайн байрны ойролцоох орон сууцны иргэд “Асиан сити” ХХК-ны барилга барьж байгаа энэ газарт 9 болон 12 давхар барилга барина гэдгийг Хот байгуулалт, хөгжлийн газраас удаа дараа мэдэгдэж байсан. Гэтэл саяхан 16 давхар барилга барихаар зөвшөөрөл авсан байна. Энэ газар 16 давхар үйлчилгээний төвтэй орон сууц баригдвал манай байрны орчимд автомашин байтугай хүн ч зөрөх зайгүй болно. 

Анхнаасаа иргэдийг хуурч барилгын ажлаа эхэлчхээд өнөөдөр барилгын цутгалтаа 8 давхар хүртэл нь хийсний дараа 16 давхар болгох зөвшөөрөл авсан нь хууль зөрчиж байгаа үйлдэл. Мөн “Асиан сити” ХХК 550 м2 талбай дээр барилга барих ёстой ч нийтийн эзэмшлийн талбайн газраас “хумсалж”, 950 м2 болгоод нэмсэн.

Гэтэл эдгээр асуудлыг албаны хүмүүс анхаарал авахгүй байна” гэдгийг хэлж байлаа. Мөн иргэд  тус тойргоос УИХ-д сонгогдсон Д.Цогтбаатар, Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнх-Оргил нарт дээрх асуудлаар хандсан ч иргэдийн эрх ашгийг хүндэтгэж, тэд үүнд анхаарал хандуулаагүй. УИХ-д иргэдээ төлөөлж суугаа гишүүд сонгуулийн үеэр л ард түмнээ сонсдог. Харин иргэдийн итгэлийг хүлээж сонгогдсоныхоо дараа энэ мэтээр үл тоодог гэдгийг ч хэлж байсан юм.

-12 ДАВХРЫН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОГДООГҮЙ БАЙСАН. ХАРИН 16 ДАВХАР БОЛГОХЫГ ХОТ БАЙГУУЛАЛТ ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ХУРЛААР ШИЙДСЭН ГЭВ-

Тус газарт 9 болон 12 давхар орон сууц барина гэж мэдэгдэж, барилгын ажлаа эхлүүлсэн ч, саяхан 16 давхар барихаар болж төлөвлөгөөгөө өөрчилж батлуулж чаджээ

Тиймээс бид 9 болон 12 давхар барилгыг чухам яагаад 16 давхар болгож, “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг өөрчлөв гэдгийг тус барилгын “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг 16 давхар байхаар боловсруулсан Хот байгуулалт хөгжлийн газрын мэргэжилтэн П.Содбилэгээс тодруулахад, “Барилга угсралтын ажлыг анхнаас нь 16 давхар гэж төлөвлөсөн байсан байх. 12 давхрын зөвшөөрөл байхгүй олгогдоогүй байсан. Харин 16 давхар болгох шийдвэрийг Хот байгуулалт хөгжлийн газрын хурлаар хэлэлцээд гаргасан” гэх  тайлбарыг өгсөн юм.

Үүнээс үзэхэд Хот байгуулалт хөгжлийн газар нь Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэдэд удаа дараа худал мэдээлэл өгч байсан болж таарах нь.

Тодотговол тус газраас дахин төлөвлөлтийн дээрх газарт 9 болон 12 давхар барилга барина гэдгийг албан бичгээр дөрвөн удаа мэдэгдсэн байдаг юм. Нөгөөтээгүүр хэрэв тус компани нь эхнээсээ 12 давхар барилга барих гэж байснаа 16 давхар болгож өөрчлүүлсэн бол яах вэ гэдэг асуудал ургана. Тэгвэл барилгын давхрыг энэ мэтээр дураар нэмж болдог уу, энэ нь барилгын хийц бүтээмжид нөлөөлдөг үү гэдгийг Хот байгуулалт хөгжлийн газрын орлогч дарга Ч.Бум-Эрдэнээс тодруулахад “Хэдэн давхар барилга барих уу гэдгээс хамаараад суурь,  хийц гээд бүх юм нь өөр байх ёстой” гэх хариултыг өгсөн юм.

-Б.БАРСБОЛДЫН “АСИАН СИТИ” ХХК НЬ ХОТЫН ДАРГА Д.СУМЪЯАБАЗАРТАЙ АШИГ СОНИРХОЛ НЭГТЭЙ ЮУ-

Дахин төлөвлөлтийн хүрээнд барилга барьж буй “Асиан сити” ХХК-ны асуудал үүгээр зогсохгүй. Тухайлбал, дээрх компани нь барилга барих талбайн хэмжээгээ нэмж, нийтийн эзэмшлийн талбай буюу автомашины зам, орц гарц зэрэгтэй тулгаж барилгаа барьжээ. Мөн барилгын краны бэхэлгээг ч норм дүрмийн дагуу хийгээгүй байгаа юм.

Тэгвэл 12 давхар барилга барина гэж байгаад 16 давхар болгон өөрчлүүлж дөнгөөд байгаа “Асиан сити” ХХК нь хэний эзэмшлийнх вэ. Тус компанийн гүйцэтгэх захирал, эцсийн өмчлөгчөөр нь Б.Барсболд гэх хүн бүртгэлтэй байна. Тухайн компани нь дахин төлөвлөлтийн хүрээнд хэд хэдэн барилга барьж байжээ. Тухайлбал Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах Нэхмэлийн шарын дахин төлөвлөлтийг барилгыг барьсан байна. Ингэхдээ мөн л коронавирусийн халдварын үеийн хөл хорионы дэглэм зөрчиж байсан гэх асуудалд холбогдож байсан ч тэгэсхийгээд намжсан байдаг. Эдгээр нь Хотын дарга Д.Сумъяабазар дээрх компанитай ямар нэгэн холбоотой, эрх ашиг нэгдмэл байдаг юм биз биш гэх хардлагыг төрүүлж буй юм.

Асиан сити ХХК-ийн УБЕГ-ын мэдээлэл